Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын хамтарсан комисс Минск хотноо хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-14 17:12:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Дмитрий Николаевич Гореликийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Б.Энх-Амгалан, хоёр орны хооронд гадаад худалдааны эргэлтийг нэмэх чиглэлээр хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбар бүрийн хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох санаачилгуудаас дурдлаа. Манай хоёр орон нийгэм, эдийн засгийн бүх салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэхийг эрмэлздэг. Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуй, зам тээвэр, онцгой байдал, боловсролын харилцаа идэвхтэй өргөжиж байгааг талууд тэмдэглэв.


Элчин сайд Дмитрий Николаевич Горелик, Монгол-Беларусийн Засгийн газар хоорондын хамтарсан комисс 11 дүгээр сард Минск хотноо хуралдахаар болсныг дурдаад, энэ үеэр худалдааны эргэлтийг нэмэх олон талт боломжийн талаар санал солилцоно гэв. Тэрбээр үргэлжлүүлэн, БНБУ-ын зах зээлд мах, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний нийлүүлэлт, борлуулалтыг онцгой анхаарч буйгаа илэрхийллээ. 


УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтойг тэмдэглээд, хөдөө аж ахуйн салбарын төсөл, хөтөлбөрүүдийн тухайд том оврын ачааны автомашины дистрибьютертракторын механикжсан автобааз, мөн ачааны галт тэрэг угсрах үйлдвэр зэргийг байгуулах нь эдийн засгийн үр өгөөж дагуулахыг онцолжээ. Түүнчлэн соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, оюутан солилцооны хөтөлбөр эхлүүлэх зэргээр харилцааг өргөжүүлэх шинэ боломжийн тухайд талууд санал нэгдсэн байна.


Уулзалтын төгсгөлд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалангийн Бүгд Найрамдах Беларусь Улсад хийх айлчлалын хүрээнд харилцан мэдээлэл солилцохын ялдамд уг айлчлал нь хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг нэг шат ахиулна гэдэгт итгэлтэй байгаагаа талууд уламжилсныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон  нийттэй харилцах алба мэдээлэв.

 

相关新闻