“Ханжоу 2022” Азийн XIX наадамд оролцох шатарчдад амжилт хүсэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2023-09-20 15:36:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Г.Занданшатар “Ханжоу 2022” Азийн XIX наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох шатрын спортын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг хүлээн авч уулзаж, амжилт хүслээ.


БНХАУ-ын Ханжоу хотноо энэ сарын 23-наас 10 дугаар сарын 8-ны өдрүүдэд болох тус наадамд хамгийн олон буюу 45 орны 10 мянга орчим тамирчин оролцож байгаагаараа онцлог юм.


Шатрын үндэсний шигшээ багт эрэгтэй 5, эмэгтэй 5 тамирчин багтаж байгаа бөгөөд дасгалжуулагчаар С.Ган-Од, М.Гүнбаяр ажиллаж, шигшээ багийг Монголын шатрын холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар ахалж байна.

Азийн наадмын шатрын тэмцээн ганцаарчилсан төрлөөр энэ сарын 22-ны өдөр эхэлж, тоглолт талдаа 25 минут, нүүдэл бүрд 10 секундийн нэмэгдэлтэй рапид (түргэвчилсэн) төрлөөр үргэлжилнэ. Ганцаарчилсан төрөлд Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, С.Ган-Эрдэнэ, С.Билгүүн нар эх орноо төлөөлөн тивийн шилдгүүдтэй өрсөлдөнө. Багийн төрлийн тэмцээн 9 дүгээр сарын 28-ны өдөр эхлэх юм.



“Ханжоу 2022” Азийн XIX наадамд Монголын баг 35 спортын төрөлд 400 гаруй тамирчин, 120 гаруй дасгалжуулагч, албаны нийт 520 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцохыг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

相关新闻