АБГББХ-ны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д айлчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улс (БНТУ)-ын Үндэсний Их Хурлын Гадаад бодлогын хорооны дарга Фуат Октайн урилгаар энэ сарын 19-23-ны өдөр тус улсад айлчилж байна.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дарга Фуат Октай, БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний Их Хурал дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Ибрахим Уфук Каянак, БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Үндэсний батлан хамгаалах хорооны дарга Хулуси Акар нартай уулзав. Уулзалтаар талууд хоёр улсын улс төр, эдийн засаг, эрүүл мэнд, соёл, боловсрол, батлан хамгаалах, зам тээвэр, худалдаа, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.
Ирэх онд хоёр
улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиох тул дээд, өндөр
түвшний харилцан айлчлалын давтамжийг тогтмолжуулах, ойн хүрээнд хоёр улсын харилцааны түвшинг шат
ахиулан стратегийн түншлэлд хүргэх нь чухлыг санал нэгтэй
тэмдэглэжээ.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулан хөгжүүлэхэд хууль тогтоох байгууллагын нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэй. Тэр дундаа Байнгын хороод, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан уулзалтуудын үеэр илэрхийлэв.
Тэрбээр, сүүлийн үед Монголоос БНТУ руу эрүүл мэндийн үйлчилгээ авахаар
иргэд ихээр зорчиж байна. Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд монгол иргэдэд даатгалын хөнгөлөлт үзүүлэх, Монголд оношлох, эмчлэх боломжгүй өвчин
эмгэгийг оношилж эмчлэхэд
хамтарч ажиллах, эмнэлгүүд хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Үндэсний
Их Хурлаас дэмжиж, хамтран ажиллахыг хүсэв.
Талууд хагас зуун жилийн хугацаанд өргөжин хөгжиж ирсэн харилцаа, хамтын ажиллагааг эдийн
засгийн агуулгаар баяжуулж, худалдааны эргэлтийг нэмэхийг зорьж буйгаа санал
нэгтэй илэрхийлжээ. Мөн
парламент хоорондын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар ярилцаж,
тохирсон яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгохын төлөө хүчин чармайлт гарган
хамтран ажиллахаа харилцан мэдэгдлээ.
Айлчлалын
бүрэлдэхүүнд Монгол
Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал,
гадаад бодлогын байнгын хорооны гишүүн Г.Амартүвшин, Д.Цогтбаатар, Ц.Сэргэлэн
болон албаны бусад хүн багтжээ.