“Их нүүдэл- 2016” тэмцээнээс их мастеруудын тоог нэмнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
gantuya@montsame.mn
2016-09-20 12:48:24

“Их нүүдэл-2016” олон улсын шатрын тэмцээнд дөрвөн орны шатрын 10 их мастер, олон улсын мастерууд 35 байр, 13000 долларын шагналын сангийн төлөө өрсөлдөнө.

Тэмцээний талаар Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, УИХ-ын гишүүн асан, Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч, Монгол туургатны шатрын холбооны гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс нар мэдээлэл хийв.

Энэхүү тэмцээнийг энэ сарын 29-нөөс ирэх сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо зохиох бөгөөд “А” буюу их мастеруудын тэмцээн, “Б” буюу нээлттэй тэмцээн гэсэн хоёр ангиллаар явуулах аж. Их мастеруудын ангилалд ОХУ-ын их мастер Александр Фоминых, Антон Шомоев, Узбекстан улсын их мастер Вахидов Таир, Казакстан улсын их мастер Хуснутидинов Рустам мөн Монгол Улсын их мастерууд өрсөлдөнө.

Харин “Б” буюу нээлттэй тэмцээнд ОХУ-ын Буриад улсын олон улсын мастерууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны шатарчид оролцох аж. Тэмцээнд дотоодын 1700-аас дээш чансаатай бүх насны шатарчин өрсөлдөх боломжтой. 

Монголын шатрын холбооны хүндэт ерөнхийлөгч, Монгол туургатны шатрын холбооны гүйцэтгэх захирал Н.Түвшинтөгс “Энэхүү тэмцээн нь их мастерын чансаа нэмэх боломжтойгоороо бусад тэмцээнээс онцлог юм. Энэ тэмцээнээр их мастеруудынхаа тоог нэмэх хүсэлтэй байна” гэлээ.

Манай улсад болж буй хоёр дахь олон улсын чанартай тэмцээн бөгөөд “А” ангиллын тэмцээнийг есдүгээр сарын 22-28-нд, “Б” ангиллын тэмцээн есдүгээр сарын 29-өөс 10 дугаар сарын 5-ны өдөр болно. Харин нээлттэй тэмцээний бүртгэлийг энэ сарын 26-28 хийнэ.

Г.Даваамаа

相关新闻