Суданд алба хаасан Энхийг сахиулагчид одон, медалиар энгэрээ мялаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬӨнөөдөр БХЯ, ЗХЖШ, НЗДТГ хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд олон улсын Энхийг сахиулагчдын өдрийг тэмдэглэлээ. Энэхүү арга хэмжээг "Энхийг сахиулагчдийн өдөр" хэмээн тэмдэглэж, УИХ-ын гишүүн, БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS“ ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн хурандаа Б.Баатар захирагчтай 5 дугаар ээлжийн мотобуудлагын батальон, Бүгд Найрамдах Судан Улсын Дарфур мужид явуулж буй Африкийн холбоо, НҮБ-ын хамтарсан энхийг сахиулах “UNАMID” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн дэд хурандаа Г.Тунгаамаа захирагчтай цэргийн хээрийн хоёрдугаар шатны эмнэлгийн 6 дугаар ээлжийн бие бүрэлдэхүүнд энэ үеэр төрийн одон, медаль гардуулах ёслол болов. Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор хурандаа Б.Баатар, хурандаа Ж.Мөнхтөр, Цэргийн гавьяаны одонгоор дэд хурандаа Г.Тунгаамаа, дэд хурандаа Ж.Сүх-Очир, Н.Баасан, хошууч Р.Баянмөнх, дэд хурандаа Э.Мөнх-Оргил, С.Батбуян, Цэргийн хүндэт медалиар ахлах ахлагч Г.Сарандаваа, О.Уламбаяр, Г.Мөнхбат, Б.Пүрэвсүрэн, Д.Нэргүй, Б.Жаргалсайхан, С.Чинбат нарыг шагналаа. Бусад дайчдыг " Энхийн төлөө" медалиар шагналаа.
Жил бүрийн 5 дугаар сарын 29-нд тэмдэглэн өнгөрүүлдэг "Олон улсын эхнийг сахиулагчдын өдөр"-ийг манай улс энэхүү 9 дүгээр сарын 20-нд тэмдэглэж байгаа нь онцлогтой болохыг ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа тайлбарлав. Учир нь энэ өдрийг сонгосон нь хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийнхны ээлж солилцохтой холбоотой юм байна. Тухайлбал, Бүгд найрамдах Өмнөд судан улсад үүрэг гүйцэтгэсэн хурандаа Б.Баатар захирагчтай 5 дугаар ээлжийн мотобуудлагын батальон 13 сар, Судан улсын Дарфур мужид үүрэг гүйцэтгэсэн цэргийн хээрийн сургуулийн хоёрдугаар шатны эмнэлгийн 6 дугаар ээлж 12 сар тус тус үүрэг гүйцэтгээд эх орондоо ирээд байгаа юм. Анх 2002 онд Бүгд найрамдах Конго улсад ажиглагч хоёр офицер илгээснэс хойш 3 тивийн 13 улсад олон улсын 14 мянган эхнийг сахиулагчид үүрэг гүйцэтгэж байгаагаас манай улсын 1300 энхийг сахиулагчид БНӨСуУ, БНСуУ, БНАКУ, Баруун Сахар, Афганистан улсад үүргээ нэр төртэй гүйцэтгэж буйг энэ өдөр БХ-ын сайд Б.Бат-Эрдэнэ цохон тэмдэглэлээ. Мөн БНӨСуУ-д 13 сар алба хаасан, "Соёмбо" сонины сурвалжлагч, сэтгүүлч, дэслэгч М.Мөнхзориг " Бид албаа амжилттай сайн хаагаад эх орондоо ирлээ. Хугацаанаасаа хоёр сар илүү үүрэг гүйцэтгэсэн минь бас нэг түүхэн онцлог болов. Залуу сэтгүүлч надад цэргийн тэсвэр хатуужлаас гадна гадаад хэлний мэдлэг, чадвараа ахиулахад ихээхэн туршлага дадлага боллоо" хэмээн бахархан ярив.
Ж.Батсайхан