МАН: Ирэх лхагва гарагт УИХ-ын чуулган хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийж, гурван асуудал хэлэлцсэн гэж бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрбээр “Нэгдүгээрт намрын чуулганаар хэлэлцэх хууль тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай, хоёрдугаарт ирэх оны төсвийн төслийг дагалдуулж өргөн барьсан хуулийн төслүүд, гуравдугаарт Эрүүгийн хуулийг өргөн барьсантай холбоотойгоор зарим заалтыг эсэргүүцэж МСНЭ-ээс хүргүүлсэн шаардлагыг авч хэлэлцсэн. Намрын чуулганыг гурван чиглэлд анхаарч эрх зүйн орчныг боловсронгуй болгохоор тогтлоо. Хүний эрхийг хангах, үүн дотор хүүхдийн эрхийг хангах, гэр бүлийг хамгаалах чиглэлд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай гэж үзээд, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатараар ахлуулсан УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг байгууллаа.
Хот, хөдөөгийн тэнцвэртэй байдлыг хангах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр байгуулсан ажлын хэсгийг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ахална. Хувийн хэвшлийг дэмжих хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг боловсруулахтай холбоотой ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахлахаар болсон. Дээрх гурван ажлын хэсгийг гаргаж, холбогдох хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж батлахаар шийдвэрлэлээ.
Хоёр дахь асуудлын хүрээнд ирэх оны Монгол Улсын төсвийн тухай хуулийг дагалдан нийт 21 хууль, УИХ-ын 8 тогтоолын төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн. Бүлгийн гишүүдийн олонх зарчмын хувьд дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэж үзсэн. Мөн МСНЭ болон сэтгүүлчдээс МАН-ын бүлэгт санал тавьж, шаардлага хүргүүлсэн асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Гол сэтгүүлчид мэдээлэл олж авах эрхийг боомилж байна гэж үзсэн байна. Ингээд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 21.9 дэх заалтыг хасах нь зүйтэй гэж үзсэн. Энэ хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцэнэ. Ирэх лхагва гарагт чуулганыг хуралдуулна" гэв.