Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдаар М.Бадамсүрэнг томиллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ж.Энхбаярыг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар М.Бадамсүрэнг томилох тухай захирамжид гарын үсэг зурлаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ үеэр хэлэхдээ, Үндсэн хууль болон Засгийн газрын тухай хуульд заасны дагуу Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд дээрх томилгоог хийж байгаагаа онцлов. Мөн тэрбээр, "Засгийн газраас ирэх 4 жилийн хугацаанд “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” үндсэн зорилтыг дэвшүүлээд буй. Уг зорилтын хүрээнд улс орны эдийн засгийг төрөлжүүлж, бизнес эрхлэх орчныг сайжруулж, зах зээл дэх төрийн оролцоог багасгаж, шударга өрсөлдөөнийг дэмжин олон тулгуурт болгохыг зорьж байна.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Эдийн засаг, хөгжил-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар ихээхэн уялдаатай. Иймд Ж.Энхбаяр, М.Бадамсүрэн нарын мэдлэг, ур чадвар, төрд ажилласан хугацаа, туршлагыг харгалзан үзэж, томилж байна. Шинэ сайд нар Засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүлж, танхимын зарчмаар эрс шинэчлэл хийж ажиллахыг хүсье" гэлээ.
Ерөнхий сайд тус томилгоотой холбоотой танилцуулгыг Ерөнхийлөгчид энэ сарын 24-нд албан бичгээр хүргүүлсэн байна. Үүний зэрэгцээ УИХ дахь МАН-ын бүлгийн даваа гаргийн хуралдаан болон УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанд тус тус танилцуулсан тул ийнхүү уг захирамжид гарын үсэг зурсан аж.

Ulaanbaatar