Монголын шигшээ баг өөрийн талбайд Афганистантай өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-10-16 14:54:36

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн шигшээ баг, хөгжөөн дэмжигчид, арын албаныхан гээд хөлбөмбөгийн төлөө хүчин зүтгэж, сэтгэл зүрхээ зориулдаг хүн бүрийн хувьд хамгийн чухал нэгэн тоглолт МХБХ-ны талбайд маргааш болох гэж байна.

 

Энэ бол 2026 оны ДАШТ, 2027 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатанд шалгарах эрхийн төлөөх хоёр дахь тоглолт юм.

 

Афганистаны талбайд 1:0-ээр хожигдсон ч бидэнд дараагийн шатанд шалгарах боломж бүрэн дүүрэн байна. Ялангуяа өөрсдийн талбайдаа, галзуу фанатуудынхаа өмнө ялалт байгуулах боломж бий гэдгийг өмнөх тэмцээн уралдаануудаас харсан.

 

Тодруулбал, Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг талбайдаа зохион байгуулахад Макаог 4:1, Умард Марианы Арлуудыг 9:0-ээр хожиж, Гуамтай 1:1-ээр тэнцэж дараагийн шатны эрхээ авсан байдаг.

 

2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эрхий төлөө Бруней Дарусаламыг талбайдаа 2:0-ээр хожиж том давуу тал байгуулж, улмаар нийлбэр дүнгээр цааш шалгарсан юм.

 

ДАШТ-ий урьдчилсан шатны хэсэгт багтаж талбайдаа Мьянмарыг хүлээн авч 1:0-ээр хожиж, хүчирхэг Киргизийн багтай эн тэнцүү тоглож байгаад эцэст нь 1:2-ээр хожигдсон.

 

Азийн АШТ-ий урьдчилсан шатанд дэлхийд данстай тоглогчдын эсрэг гайхалтай тоглолтыг үзүүлж, Палестинд 11 метрийн торгуулийн цохилтоор, Филлипинд эцсийн мөчид гоол алдаж хожигдож байлаа. Тэр гоолын эзэн нь Бундес лигийн тоглогч байв. Том дэвжээнд, хүчтэй багуудтай тулсан ч үзэгч олноо гомдоолгүй сүүлийн тоглолтод Йеменийг 2:0-ээр буулган авсан юм.

Энэ мэтчилэн хамгийн гайхалтай хожлууд, гоолуудыг Монгол эх орондоо, элэг нэгт хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хийсэн тоглолтуудад гаргажээ.

 

Эсрэг багийн талбайгаас нэг гоолын зөрүүтэй ирсэн шигшээ багийнхан маань хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн түрлэгтэй хамт ялалт байгуулж, дараагийн шатанд шалгарах өндөр магадлалтай.

 

Тоглолт 10 дугаар сарын 17-нд 15:00 цагаас МХБХ-ны талбайд болно.

 

相关新闻