Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Тайванийн Тайпэй хотын Ванфан эмнэлэгтэй хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2023-10-19 11:12:53

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Нэгдүгээр төв эмнэлэг Тайванийн Тайпэй хотын Ванфан эмнэлэгтэй хамтран ажиллах санамж бичгийг энэ сарын 18-ны өдөр байгуулав. 


Ванфан эмнэлгийн багийг ахлан ирсэн тус эмнэлгийн орлогч захирал Хуан Жүн Рэн, “Манай эмнэлгийн төлөөлөл энэ удаад цар тахал намжсанаас хойш анх удаагаа Монгол оронд зочилж байна. Манай эмнэлэг хорт хавдрын эмчилгээ, зүрх судасны эмчилгээ, согог засал, мэдрэлийн мэс заслын чиглэлээр эмчилгээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Бид цаашид хамтын ажиллагаагаараа дамжуулан Монгол орны эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв. 


Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал Б.Хишигжаргал хэлэхдээ, “Эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд хил хязгаар гэж үгүй билээ. Хэдийгээр сүүлийн гурван жилийн хугацаанд цар тахлын улмаас талууд бодит харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлээгүй ч Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар Монголын эмнэлгүүдэд эм бэлдмэл болон эмнэлгийн хэрэгсэл хандивлаж, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлсээр ирсэн. Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд мэдрэл судлалын чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалт семинарыг зохион байгуулна гэж найдаж байна” хэмээв. 


Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газрын Грэйс Ж.Р.Лүө, хоёр орны эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг амжилттай өргөжүүлсэн, амжилт бүтээлээр дүүрэн жил болж байгааг онцлоод Тайпэй хотын Ванфан, Чан Гэн, Тайванийн Үндэсний их сургуулийн харьяа эмнэлэг, Тайванийн Юань Рун эмнэлгийн төлөөллүүд Монгол Улсад айлчилсан. Тайванийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, Монгол орны ард иргэдийн эрүүл мэндийн төлөө хувь нэмрээ оруулж, “Тайвань тусалж чадна, Тайвань тусалж байна” гэсэн үзэл санааг хэрэгжүүлэн ажиллана гэдгээ илэрхийлэв.


相关新闻