Шанхайн “Мастерс”-ын аварга “Улаанбаатар Энержи” Чэндүгийн тэмцээнд оролцоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн дэлхийн цуврал тэмцээн Чэндүгийн “Мастерс”-аар үргэлжилнэ. Чэндүгийн "Мастерс" энэ сарын 21-нд эхлэх бөгөөд манай улсаас “Улаанбаатар Энержи”, “Сансар Энержи” баг оролцох юм. Дэлхийн шилдэг 12 багийн өрсөлдөөнд Сербийн “Үб Хуйшан”, Швейцарын “Лозанн Спорт” зэрэг багууд тэдний эсрэг зогсоно.
“Улаанбаатар Энержи” тэмцээний “С” хэсэгт багтсан бөгөөд Сербийн “Лиман Хуйшан, Нидерландын “Утрех” баг манай залуустай нэг хэсэг багтжээ. Тэгвэл “А” хэсэгт дэлхийн аварга “Үб Хуйшан”, “Лозанн Спорт”, “Сансар Энержи” баг орсон байна.
Улаанбаатарын бүрэлдэхүүнд энэ удаа Марко Дугосия багтаагүй бөгөөд түүний оронд Ц.Отгонжаргал талбайд гарах юм. Харин “Сансар”-ыг А.Ананд, О.Энхбаатар, Ч.Ихбаяр, Н.Мөнхчөдөр нар бүрдүүлж байна.
Тэмцээний хэсгийн
шат энэ сарын 21-ний 16:20 цагаас “Үб Хуйшан”-“Сансар Энержи”-гийн тоглолтоор
эхэлнэ. Харин медалийн төлөөх тоглолт энэ сарын 22-ны 16:00 цагаас эхлэх
хуваарьтай.