Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх “Steam” тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өгөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. 2023 онд улсын хэмжээнд 197 бэлтгэл бүлгийг тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангасан бол энэ удаад хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх STEAM тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг 20 цэцэрлэгт хүлээлгэн өглөө.
БШУЯ сургалтын хөтөлбөрийг шинэчлэх менежментийн төлөвлөгөөний дагуу 2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх бэлтгэлийг хангаж байна. Бага насны хүүхдийн ирээдүйд шаардагдах бүтээлч ур чадварыг хөгжүүлэх, шинэ үеийн хүүхдийн хөгжлийн хэрэгцээнд нийцэх тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ажлыг салбарын яамнаас үе шаттай авч хэрэгжүүлж буй.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтны менежментийн ур чадварыг сайжруулах, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын менежментийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх нь” сургалтыг БШУЯ, “Шимт боловсрол” ХХК хамтран зохион байгуулсан. Сургуулийн өмнөх боловсролын менежментийг туршин хэрэгжүүлж буй 21 аймгийн зарим цэцэрлэгийн эрхлэгчид болон салбар байгууллагын мэргэжилтнүүд уг сургалтад хамрагджээ. Удирдлагын ур чадвар, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын менежментийг сайжруулахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарц, STEAM сургалтын хэрэглэгдэхүүний ач холбогдол, үр дүнтэй ашиглаж буй туршлага болоод сургалтад ашиглах арга зүйн талаар уг сургалтын үеэр ярилцаж туршлага солилцсон юм.
Уг сургалтад БШУ-ы сайд Л.Энх-Амгалан оролцож салбарын үйл ажиллагаатай холбоотой ярилцлага өрнүүлж сургуулийн өмнөх байгууллагын менежментийг сайжруулах аргачлалыг туршиж буй цэцэрлэгүүдэд хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх STEAM тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүнийг гардуулав.
“Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөрийн шинэчлэл”-ийн хүрээнд цэцэрлэгүүдэд өгч буй энэхүү бүтээгдэхүүн нь сургуулийн өмнөх боловсролын байгууллага /СӨББ/-ийн суралцагчдад зориулсан насны ангилал /3, 4, 5/ тус бүрд 32, нийт 96 загвар бүхий хичээлтэй, багш, сурагчийн гарын авлага, эцэг эх-асран хамгаалагчтай харилцах дэвтэр бүхий агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүнээс бүрдэх “цогц шийдэл” юм. Мөн хичээлд нэгэн зэрэг 30-40 хүүхэд хичээллэх иж бүрэн хэрэглэгдэхүүнтэй, 10000 гаруй ширхэг эд ангиас бүрдэх, тавиур хайрцагтай сургалтын хэрэглэгдэхүүн бөгөөд эрүүл ахуйн чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн аж.