МАН: Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөөр бусад намын саналыг авахаар тогтсон
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.
Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрбээр “Бүлгийн хуралдаанд МАН-ын дарга оролцож, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 24-26-нд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны үеэр яригдсан асуудал болон ойрын хугацаанд анхаарах асуудлаар мэдээлэл хийж, тодорхой чиглэл өглөө. Мөн тус бүлгийн дэд дарга Э.Бат-Амгалан Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр мэдээлэл хийсэн. Энэхүү хуулийн төслийг энэ оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэхэд батлах үүрэгтэй. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтийг батлаад буй. Иймд тус хуультай нийцүүлэн орон нутгийн сонгуулийн тухай хуулийг өөрчлөх шаардлага үүссэн. Бүлгийн хуралдаанаар уг хуулийн төслийг авч хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзсэн” гэлээ.
Бүлгийн дэд дарга Э.Бат-Амгалан ярианыхаа эхэнд хэлэхдээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахдаа 2020 оны орон нутгийн сонгууль болон нөхөн сонгуулийн үеэр гарсан гомдол маргаан, шүүхээр шийдвэрлэсэн байдал зэрэгт мэргэжлийн байгууллагаас өгсөн үнэлэлт дүгнэлтийг харгалзан үзсэн гэв. Хуулийн төслийн тухайд, нэгдүгээрт орон нутгийн сонгуулийн явц иргэдэд ил тод, нээлттэй, өөрсдийнх нь оролцоог хангасан байх шаардлагыг тусгаж өгсөн байна. Улсын хэмжээнд 2148 хэсгийн хороо ажилладаг. Тэдгээр хэсгийн хороодыг бүрэн камержуулж, хяналт тавих бололцоог бүрдүүлэх гэнэ.
Хоёрдугаарт сонгуулийн зардлыг бууруулах, сурталгааны оновчтой системийг бүрдүүлэхэд чиглэсэн хэд хэдэн заалтыг нэмж тусгасан аж. Өмнөх сонгуулиар 2148 санал авах байранд 7165 мандатад 20 гаруй мянган нэр дэвшигч нэр дэвшсэн. Тэд хамгийн багадаа 10 хүртэл самбар байршуулах эрхтэй байсан ба энэхүү үзүүлэлтийг улсын хэмжээнд авч үзвэл 70-80 мянган самбар хэвлүүлэн байршуулсан гэсэн үг юм. Иймээс нэгдсэн самбар гаргаж, самбартай холбоотой зардлыг хэмнэхээр болсон байна. Түүнчлэн ухуулах байр, ухуулагчдын тоо, цалин хөлс, сэтгүүлийн хуудасны тоог цөөлжээ.
Гуравдугаарт улстөржилтийг багасгах, нутгийн өөрийн удирдлагын байгууллагуудын харилцан уялдаа холбоог дэмжих зохицуулалтыг тусгасан байна. МАН-ын бүлгийн хуралдаанаар дээрх хуулийн төслийн хүрээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, бусад намаас санал авч, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ.