МБХ-нд олгох санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
n_sarchihg@yahoo.com
2023-11-01 15:29:24

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.


Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга “Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны дөрөвдүгээр захирамжийн нэгдүгээр хавсралтаар баталсан Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, санхүүжүүлэх журмын дагуу 25 спортын төрлийн холбоотой гэрээ байгуулан ажилладаг.


Монголын боксын холбоо нь Үндэсний шигшээ багийг “Парис-2024” зуны олимпын наадамд бэлтгэн оролцуулахад улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээний 4.1.7-д зааснаар “Дэлхийн допингийн эсрэг агентлагийн баталсан дүрэм зөрчиж спортод хориглосон эмийн бодис, арга техникийг хэрэглэсэн нь тогтоогдсон тохиолдолд тухайн шигшээ багийн холбогдох албан тушаалтанд хариуцлага ногдуулах шаардлага хүргүүлэх, спортын холбооноос эцсийн шийдвэр албан бичгээр гарах хүртэл тухайн шигшээ багийн санхүүжилтийг хэсэгчлэн болон бүхэлд нь зогсоох;” гэсэн заалтыг үндэслэн Монголын боксын холбоонд олгох санхүүжилтийг түр зогсоосон билээ.


Харин Монголын боксын холбооны 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 326 тоот албан бичгээр ирүүлсэн мэдээлэл, хүсэлтийг үндэслэн 10 дугаар сарын 31-ний өдрөөс Монголын боксын холбоонд олгох санхүүжилтийг хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэж, Биеийн тамир, спортын улсын хорооноос албан тоотыг Монголын боксын холбоонд хүргүүллээ” гэсэн юм. 

相关新闻