Х.Булгантуяа: Дахин инженерчлэлийг хэрэгжүүлснээр иргэд төрийн үйлчилгээ авахад туулдаг шатлалын тоо цөөрнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, түүний харьяа зарим агентлагт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийсэн дүнг танилцсан байна.
Төрийн байгууллагын процессын дахин инженерчлэл нь олон талт судалгаа шинжилгээнд суурилж явагддаг бөгөөд зөвхөн иргэдийн сэтгэл ханамжаас гадна төрийн албан хаагчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд чиглэдэг. Төрийн албаны процeссын дахин инженерчлэл тандалт судалгааны ажлыг өнгөрсөн таван сарын хугацаанд холбогдох яам, газрууд хамтран явуулсан юм. Ингэхдээ орон нутгийн гурван бүсийн 14 аймагт 240 гаруй процесст 8 төрлийн дүн шинжилгээг хийсэн байна.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа "Манай салбарт цахимжилт хэрэгжсэн хэдий ч өнгөрсөн оны байдлаар байршлууд дээр давхардсан тоогоор 4 сая, цахимаар 6 сая гаруй иргэн үйлчилгээ авсан байна. Одоогийн байдлаар аливаа бүрдүүлэлтийг цахим хэлбэрээр явуулж байгаа ч иргэд болон албан хаагчид тэрхүү ажлаа бичгээр давхар хийдэг. Мөн улиралд 100 мянга орчим өргөдөл гомдол ирдэг ба дахин инженерчлэлийг хийснээр иргэдээс ирүүлж буй өргөдөл гомдлын тоо буурахаас гадна салбарын алба хаагчдын ажлын ачаалал, дарамт багасна" гэлээ.
Процессын дахин инженерчлэлийг хэрэгжүүлснээр иргэд төрийн үйлчилгээг авахын тулд туулдаг шатлалын тоо цөөрнө. Төрийн нэг үйлчилгээг хүргэхэд иргэн нэгээс илүүгүй төрийн албан хаагчтай уулзах зарчимд хүрэх юм. Төрийн үйлчилгээ үзүүлэх албан хаагчийн ажлын ачааллыг илүү тэнцвэртэй, хүндрэл багатай зохион байгуулдаг болно. Байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалтыг илүү оновчтой, илүү үр ашигтай болох, төрийн албаны бүтээмж, чадамж дээшилж, төрийн үйлчилгээг үзүүлж буй албан хаагч, үйлчилгээ авч буй иргэн аль алиных нь сэтгэл ханамж нэмэгдэх юм. Мөн төрийн байгууллагуудын дундын үйлчилгээ, менежмент зэрэг орчин үеийн төрийн үйлчилгээний хандлага, менежмент, сайн туршлагыг салбарын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх бололцоо бүрдэнэ.
Үүнтэй холбогдуулан процессын дахин инженерчлэл хийх талаар гаргасан санал дүгнэлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, тэдгээрийн харьяа нийт салбар, нэгжийн хүрээнд үе шаттайгаар хэрэгжүүлж, дүнг танилцуулахыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас салбарын сайд Х.Булгантуяад үүрэг болгов.