“Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аян зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-08 17:24:51

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд “Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аян зохион байгуулж байна. ДЭМБ-ын Олон улсын эмийн аюулгүй байдлын хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч УППСАЛА төв нь 2016 оноос хойш иргэд, эмнэлгийн мэргэжилтний гаж нөлөөний талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах, түүнийг мэдээлэхийн ач холбогдлыг таниулах зорилгоор “Эмийн аюулгүй байдлын долоо хоног” аяныг зохион байгуулжээ. 

Энэ жилийн аян өнгөрсөн даваа гарагт эхэлсэн бөгөөд “Эмийн гаж нөлөөг хүн бүр мэдээлэх боломжтой” уриан дор дэлхийн 100 гаруй эмийн зохицуулалтын байгууллага, 90 гаруй улсад болж байгаа юм.


Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2020 онд бие даасан “Эмийн үндэсний зохицуулалтын агентлаг” байгуулагдсан нь УППСАЛА төвд албан ёсны гишүүнээр нэгдэх эрх зүйн байдал бүрдэж, 2021 онд тус төвийн 149 дэх жинхэнэ гишүүн орноор элссэнээр олон улсын эмийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч орны нэг болсон байдаг. Өнөөдрийн байдлаар нийслэл, хөдөө орон нутгийн 250 гаруй оролцогч албан ёсоор аянд нэгджээ.


Тус аяны хүрээнд иргэдийн эмийн гаж нөлөөний талаарх ойлголт, мэдлэгийг сайжруулах, хэрхэн мэдээлэх, мэдээлэхийн ач холбогдлыг олон нийтийн цахим сүлжээгээр дамжуулан таниулан сурталчлахад чиглэж байна. Улсын хэмжээнд 2017-2023 оны хооронд нийт 722 эмийн гаж нөлөөний тохиолдол үндэсний мэдээллийн  санд бүртгэгджээ.


Өнөөдрийн байдлаар манай улсад эмийн аюулгүй байдлын хяналт Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, ЭМС-ын 2023 оны А/67 дугаар тушаалаар батлагдсан “Эмийн гаж нөлөөг бүртгэх, мэдээлэх, үнэлэх, баталгаажуулах” журмаар зохицуулж байна. 

相关新闻