Халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн 435 хүн тусламж үйлчилгээ авчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Сүүлийн өдрүүдэд цас ихээр орж, авто болон явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбайд үүссэн халтиргаа гулгаанаас үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо нэмэгдэх хандлагатай байна.
Цас орсон эхний өдөр буюу энэ сарын 3-10-ны өдрийн хооронд халтирч унаж бэртсэн нийт 435 хүн ГССҮТ болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авчээ.
Үүнээс төв эмнэлэгт 357, салбар эмнэлэгт 78 хүнд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн бөгөөд сүүлийн гурав хоногийн байдлаар, үйлчлүүлж буй иргэдийн тоо хоёр дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм.
Тухайлбал, халтиргаа гулгаанаас
үүдэлтэй бэртэж гэмтсэн иргэдийн тоо энэ сарын 7-ны өдөр 39, 8-ны өдөр 86
байсан бол, 9-ний өдөр 88 хүн ГССҮТ-д яаралтай тусламж үйлчилгээ авсан байна.
Мөн энэ сарын 3-10-нд осгож, хөлдөх шалтгаант тохиолдол нийт 18 байгаа аж. Иймд иргэдийг мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг дагаж мөрдөх, эрүүл аюулгүй байдлаа хангах үүднээс болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг ГССҮТ-ийн эмч нар зөвлөлөө.