С.Чинзориг: Монгол Улсад эмчлэх боломжгүй 26 өвчнийг оношлон эмчлэх боломж бүрдэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-10 17:12:24

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.


Засгийн газрын тусгай сангийн тухай хуулиар Эрүүл мэндийг дэмжих санг байгуулж, тус сан нь  архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь, тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөс санхүүждэг байна. Эрүүл мэндийг дэмжих санд жилд дунджаар 2-3 тэрбум төгрөгийг улсын төсөвт хуваарилан, Эрүүл мэндийн сайдын төсвийн багцад баталдаг аж. Энэ төсвийг нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжих эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга, нөлөөлөл, тандан судалгааны ажилд зарцуулдаг байна.


Цаашид тус сангийн үйлчлэх хүрээг өргөтгөн Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүй 26 өвчнийг оношлон эмчлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологийг шинээр нэвтрүүлэн нутагшуулах үйл ажиллагааг санхүүжүүлэх зохицуулалтыг тусгасан байна. Мөн зайлшгүй шаардлагаар буюу дотоодод оношлон эмчилж чадахгүй байгаа өвчнөөр гадаад улс орнуудад эмчилгээнд хамрагдаж байгаа иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлсэн иргэдэд эмчилгээний зардлынх нь таван хувийг  буцаан олгодог. Дотоодод оношлон эмчилж чадахгүй атлаа гадаадад зайлшгүй шаардлагаар эмчлүүлж байгаа иргэдийнхээ эмчилгээний зардлын таван хувийг л буцаан олгож байгаа нь маш бага хэмжээ юм. Иймд үүнийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, Эрүүл мэндийг дэмжих сангаас санхүүжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.


Гуравдугаарт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй эсвэл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорын эрхийг хүндэтгэж, оршуулгын тэтгэмж олгох боломж бүрдүүлэх үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтуудыг тусгаад буй. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төслийн хүрээнд өргөн барьсан Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг тав дахин нэмэгдүүлж, 10 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг энэ үеэр хийсэн танилцуулгадаа онцлов.


Хуулийн төсөл батлагдсан тохиолдолд холбогдох журмыг Засгийн газар батлах бөгөөд энэ журамд дэмжлэгт хамрагдах шалгуур нөхцөл зэргийг тодорхой тусгасан байна. Урьдчилсан тооцоогоор магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр гадаадад эмчлүүлсэн хүүхдийн эмчилгээний зардлын 50 хувийг, магадлан итгэмжлэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр гадаадад эмчлүүлсэн насанд хүрсэн хүний эмчилгээний зардлын 20 хувийг буцаан олгох боломж бүрдэх нь. Гишүүд үг хэлсний дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжих эсэх асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжсэн тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

相关新闻