Малчдын үндэсний боловсруулах үйлдвэрт тушаасан ноос, хөөвөрт урамшуулал олгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал танилцуулав. Монгол Улсын 2024 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийх үед төсвийн тооцоололтой холбоотойгоор шаардлагатай бол холбогдох хуульд тогтоолын төслийг боловсруулах санал дэмжигдсэн тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу Төсвийн байнгын хорооноос “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан энэ сарын 9-ний өдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна.
Малчин, мал бүхий этгээдийн бэлтгэсэн үндэсний боловсруулах үйлдвэрт тушааж, татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдэж баталгаажсан хонины ноосны килограмм тутамд 1000 төгрөг, тэмээний ноосны килограмм тутамд 2000 төгрөг, сарлагийн хөөврийн килограмм тутамд 10 мянган төгрөгийн урамшуулал олгох зохицуулалтыг нэмж тусгахаар “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулахаар тогтоолын төслийг боловсруулсан аж. Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргажээ. Эл саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.
Д.Ганбат, Ц.Туваан, С.Батболд. Б.Пүрэвдорж нарын гишүүд Төсвийн байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Тогтоолын төслийн хүрээнд үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх ач холбогдолтой хэмээн үзсэн гэв. УИХ-ын 2011 оны холбогдох тогтоол дахь зохицуулалтуудыг илүү нарийвчилж, тодорхой болгож байгаа гэсэн тайлбарыг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өгөв. Төслөөр сарлагийн хөөвөрт урамшуулал олгох зохицуулалтыг нэмсэн бөгөөд 360 мянган тонн хөөврийг боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадал бий ч үүний 20-30 хувийг л ашиглах түүхий эдийг өнөөдөр нийлүүлдэг байна. Тиймээс төр үүн дээр зохицуулалт хийж, бодлогын дэмжлэг үзүүлж, үйлдвэрлэлийн бүрэн хүчин чадлыг дэмжих нь зүйтэй хэмээн үзжээ. Засгийн газар төсвийн төсөлд энэ арга хэмжээг тусгасан байсан бөгөөд эрх зүйн холбогдох зохицуулалтыг хийх шаардлагатай байсан тул Төсвийн байнгын хороо шийдвэрлэж, төслийг боловсруулсан байна.
Хөдөө аж ахуйн салбарыг дэмжихээр төрөөс урамшуулал олгодог тогтолцоо нь олон улсад байдаг жишиг гэдгийг Ц.Туваан гишүүн хэлээд, харин урамшуулалд хамрагдах нөхцөлийг маш тодорхой болгож, тогтвортой олгодог байх шаардлагын талаар санал хэлсэн юм. Малчид төрөөс олгож буй урамшууллын санхүүжилтээр эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх зохицуулалтыг хийх боломжтой гээд тодорхой жишээ дурдаж, саналууд гаргаж байлаа. Холбогдох хуулийг баталсан бөгөөд аравдугаар сарын нэгний өдрөөс эхлэн малчид төрөөс олгож буй урамшууллаас нийгмийн даатгал болоод эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ тооцуулах боломжтой болсон гэдэг хариултыг Г.Тэмүүлэн дарга өгөв. Ирэх жилийн төсвийн төсөлд 78 тэрбум төгрөгийг хөдөө аж ахуйн салбарын урамшуулалд төлөвлөсөн байгааг онцлон дурдаад, дэмжиж байгаагаа Ц.Туваан гишүүн хэлж байлаа.
Ийнхүү төслийн анхны хэлэлцүүлгийг хийсний дараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураалт явуулав. Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх эл саналыг дэмжсэн тул “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.