Монгол, БНСУ-ын 20 гаруй уран бүтээлч контемпорари бүтээлээ дэлгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оын арванэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас хэрэгжүүлж буй "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд Монгол, БНСУ-ын уран бүтээлчдийн бүтээлээр “Hybrid Connection” буюу “Хосолмол холбоос” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 15-нд нээлээ.
Тус үзэсгэлэн хоёр орны уран бүтээлчдийн цаашдын хамтран зохион байгуулах урлагийн төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд амжилттай оролцох, куратор, урлаг судлаачдын туршлага, мэдлэг, үнэ цэн, чадал чансааг нэмэгдүүлэн дээшлүүлэх, дэлхийн нэр хүндтэй биенналь, триенналь, арт базел зэрэг урлагийн томоохон үзэсгэлэн, солилцооны хөтөлбөр, сургалтад оролцох, институт байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой.
Үзэсгэлэнд “ХӨХ НАР” Монголын контемпорари урлагийн төв болон БНСУ-ын Тэгү хотын “Чилгокийн орчин үеийн соёл урлагийн хороо”-ны нийт 20 контемпорари уран бүтээлч медиа, үйл хөдлөл, холимог техник, өрөг, видео арт гэх мэт урлагийн төрлөөр бүтээсэн бүтээлээ дэлгэжээ.
Энэхүү үзэсгэлэнгээс хоёр орны контемпорари уран бүтээлчдийн урлагийн солилцоо, хоорондын бүтээлч холбооны үр дүнд тэдний уран бүтээл, сэтгэлгээ, контемпорари урлагийн чиг хандлага, үзэл бодлыг hybrid буюу хосолмол байдлаар илэрхийлснийг үзэх боломжтой.
Үзэсгэлэн энэ сарын 22-ныг дуустал үргэлжилнэ.
Ташрамд дурдахад, Монголын орчин үеийн урлагийн “ХӨХ Нар” төв 2002 онд үүсэн байгуулагдсан. Монголын орчин үеийн урлагийг хөгжүүлэх, орчин үеийн урлагаар бүтээл хийдэг уран бүтээлчдийг бодлогоор дэмжих, шинэ залуу уран бүтээлчдийг бэлдэх зорилгоор контемпорари урлагийн хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлж, Монголын орчин үеийн урлагийг олон улсад таниулах, урлагаар дамжуулан нийгэмд нөлөөлөх олон үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. Өдгөө тус төв 100 гаруй гишүүнтэй байгууллага болон өргөжжээ.
Тус төв 2003 оноос Контемпорари арт галерей бий болгон, гадаадын болон дотоодын уран бүтээлчдийн бие даасан болон хамтарсан үзэсгэлэн, түүнчлэн Art Camp, Open Academy, Bare House, Зүүн Арт зэрэг олон улсын урлагийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ.
















