“Цалинтай ээж”-ийн тэтгэмжийг нэмэгдүүлэх тухай нийтийн өргөдлийг 102 мянган иргэн дэмжжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-17 13:37:08

Улаанбаатар. 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж “D-Parliament” платформын нийтийн өргөдөл хүлээн авах “D-Өргөдөл” системээр дамжуулан иргэн Раднаабазар овогтой Цэндсүрэн “Цалинтай ээж” гэж нэрлэж буй 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэхийг дэмжих нийтийн өргөдлийг санаачилсан.


Энэ оны 10 дугаар сарын 18-ны өдөр санаачилсан уг нийтийн өргөдлийг энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11 цагийн байдлаар 102 мянган иргэн дэмжиж, санал өгсөн байна. 


Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар D-Өргөдөл цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100 мянган иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд УИХ-аар шийдвэрлүүлэх боломжтой юм.


相关新闻