“Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. “Бичил биетний тэсвэржилтийн талаарх мэдлэг, хандлагыг сайжруулах дэлхийн 7 хоног” маргаашаас эхэлнэ.
Энэхүү аянг жил бүрийн 11 дүгээр сарын 18-24-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр гэсэн олон улсын 4 байгууллага уламжлал болгон дэлхий даяар тэмдэглэдэг.
Энэхүү аяныг тохиолдуулан Мал эмнэлгийн ерөнхий газар, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори зэрэг холбогдох байгууллагуудаас хамтран өнөөдөр “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаа”-г танилцууллаа.
Бичил биетэн гэдэгт нян, вирус, мөөгөнцөр, шимэгчийг хамааруулах бөгөөд бичил биетнийг устгадаг эсвэл түүний үржил, хөгжлийг нь саатуулах үйлчилгээ үзүүлдэг аливаа эм, бэлдмэлийг бичил биетний эсрэг эм (ББЭЭ) гэнэ.
Харин бичил биетний тэсвэржилт (ББТ) гэдэг нь өвчин үүсгэгч нян, вирус, шимэгч хорхой, мөөгөнцөр зэрэг бичил биетэн ББЭЭ-нд дасал болж эмчилгээ, үйлчилгээ үр дүнгүй болохыг хэлнэ.
Бичил биетний тэсвэржилт үүсэх үндсэн шалтгаан нь бичил биетний эсрэг эмийг хэтрүүлэн хэрэглэх, эсвэл дутуу, буруу давтамжтай зохисгүй хэрэглэх явдал юм. Мөн малчид, тариаланчид бичил биетний эсрэг эмийг мал аж ахуй, газар тариаланд хяналтгүй хэрэглэснээр бичил биетний тэсвэржилтийн тархалтыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэж байгааг мэргэжилтнүүд тодотгов.
Монгол улсад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар “Бичил биетний тэсвэржилтээс сэргийлэх салбан дундын үйл ажиллагааны төлөвлөгөө” 2022-2025 батлагдан харьяа байгууллагууд хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.