Гавьяат тамирчин Э.Цэндбаатар ээлжит тулаанаа хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2023-11-23 15:18:51

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн бокст 7-0 гэсэн амжилттай яваа гавьяат тамирчин Э.Цэндбаатар ээлжит тулааныхаа товыг зарлалаа. Тодруулбал, ирэх сарын 16-нд АНУ-ын Нью-Йорк хотын “Сони Холл”-д Доминиканы боксчин Иохан Васкүйзтэй тулалдахаар болжээ.


Манай тамирчин хамгийн сүүлд өнгөрсөн дөрөвдүгээр сард яг энэ ордонд Мексикийн Валенсиа Меркадог буулган авч, замналыхаа долоо дахь ялалтыг авч байлаа. Найман үед илүүрхсэн манай тулаанч Э.Цэндбаатар “Broadway Boxing” холбооны 59кг жингийн аваргын бүсийг зүүж байсан юм. Тэрбээр долоон ялалтынхаа гурвыг нь хүнд цохилтоор буулган авчээ. Түүний хувьд 2018 онд мэргэжлийн бокст хөл тавьсан бөгөөд анхны тулаанаа 2018 оны есдүгээр сарын 13-нд хийж байсан юм.


Тэгвэл түүний өрсөлдөгч Васкүйз өдгөө 29 настай бөгөөд 2012 оноос мэргэжлийн бокст хөл тавьжээ. Улмаар тухайн оныхоо долдугаар сард анхны тулаанаа хийсэн байна. Замналдаа 29 тулаан хийхдээ 25-д нь ялж, дөрөв ялагджээ. 25 ялалтынхаа 20-ыг нь КО буюу хүнд цохилтоор буулган авсан байх юм. 



相关新闻