Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-27 13:35:47

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. УИХ-ын энэ оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдав.


Нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар төсөлд тусгажээ. Эхний сонсгол “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа; “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 4-8-ны өдрүүдэд болох юм.


Хоёр дахь сонсголыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, охин болон хараат компаниудын хөрөнгө оруулалт, тэдгээрийн үйл ажиллагааны талаарх нотлох баримтыг шинжлэн судлах хүрээнд энэ сарын 18-22-ны өдрүүдэд зохион байгуулах аж. Төслийн танилцуулгатай холбогдуулж асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Төслийг батлахыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 66.7 хувь нь дэмжин, “Хянан шалгах түр хорооны сонсголыг товлон зарлах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолыг батлав.


Энэ өдрийн хуралдаанаар “Сонсголд гэрчээр дуудах тухай”, “Нотлох баримтыг шинжлэн судлах дараалал тогтоох тухай”, “Нотлох баримтыг гаргуулах тухай” энэ оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эдгээр нь түр хорооны дотоод асуудал учраас зохих хууль, журмыг үндэслэн хуралдааныг хаалттай үргэлжлүүлэх горимын саналыг Б.Энхбаяр гаргасан юм. Энэхүү горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул тус түр хорооны хуралдааныг хаалттай горимд шилжүүлэв. 


相关新闻