“PISA-2022” үнэлгээний үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд авах арга хэмжээний санал боловсруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүнг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав.
“PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд цаашид авах арга хэмжээний санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг сайд Л.Энх-Амгаланд даалгасан байна. Хот хөдөөгийн сурагчдын сурлагын чанарын зөрүү, тэгш бус байдлыг багасгах, сумын сургуулийн чанар, багшийн чадварт онцгойлон анхаарах, багш мэргэжлээр суралцах оюутнуудад тэтгэлгийн бодлого, холбогдох журмыг Засгийн газрын хуралдаанд энэ онд багтаж танилцуулан шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгосон аж.
Тус үнэлгээнд дэлхийн 81 орны 15 настай 690 мянган суралцагч хамрагдсан ба манай улс анх удаа хамрагдаж, 196 сургуулийн 7300 сурагч сонгогдон оролцов. Үнэлгээг математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн гурван төрлөөр тогтмол зохион байгуулдаг. 2022 оны тухайд бүтээлч сэтгэлгээний сорилууд нэмэлтээр багтжээ. Үнэлгээний дүнгээр,
Монгол Улс 81 орноос
Математик 47 дугаар байр
Унших чадвар 65 дугаар байр
Байгалийн ухаан 53 дугаар байрт эрэмбэлэгджээ.