Өмнөговь аймагт гадаадын иргэнд газар эзэмшүүлсэн тухай асуудлаар Ерөнхийлөгчөөс Засгийн газарт чиглэл өгчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын хэмжээнд хүчин мөрдөгдөж буй холбогдох хууль тогтоомжийг зөрчиж Өмнөговь аймгийн газар нутгийг гаднын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн гэх асуудлаар Засгийн газарт чиглэл өгсөн байна.
Энэ тухай Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийнхэнд хандаж мэдээлэл хийв.
УИХ-ын энэ оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголын үеэр дээрх аймгийн газар нутгийг гаднын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн гэх энэхүү асуудал яригдсан. Иймд энэхүү асуудлыг зохих байгууллагууд шалгаж, гэм буруутай албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад шилжүүлж, үр дүнг нь нийт иргэдэд ил тод, нээлттэй байдлаар мэдээлэх ёстой гэсэн байр суурийг Ерөнхийлөгч Засгийн газарт өгсөн чиглэлдээ илэрхийлжээ.
Өмнөговь аймаг нь төсвийн орлогыг бүрдүүлэгч гол аймаг мөн хэдий ч сүүлийн жилүүдэд байгаль экологийн доройтолд өртөж, үүний уршгаар малчдын тоо цөөрч, улсын хил эзгүйрэх аюул нүүрлэж байгаа. Иймд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг тус аймаг оройлон хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг Ерөнхийлөгч илэрхийлдэг хэмээн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр мэдээллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ӨГСӨН ЧИГЛЭЛД,
“Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа
Газар эзэмшилт, ашиглалтыг шалгах тухай
Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байж, нутаг дэвсгэр зөвхөн засаг захиргааны хувьд хуваагдахаар Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан.
Монгол Улсын газар нутгийн халдашгүй дархан байдал, түүнийг сахин хамгаалах нь монгол төрийн үндсэн үүрэг, үндэсний аюулгүй байдлын нэн чухал бүрэлдэхүүн хэсэг мөн.
Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр улсын үндэс, тусгаар тогтнолын баталгаа болсон Монгол Улсын газрыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчиж гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн талаарх баримт, мэдээллийг гаргаж тавилаа.
Иймд Монгол Улсын Засгийн газар хууль тогтоомжийг хэрэгжүүлж, хяналт тавих үндсэн чиг үүргийнхээ хүрээнд Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, ашиглалт, бүртгэл, түүний хяналтын асуудлаар холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлж, энэ талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний мэдээллийг шуурхай танилцуулж ажиллахыг чиглэл болгож байна” гэжээ.