“Утгын чимэг-2023” наадамд До.Цэнджав “Тамга” өгүүллэгээрээ түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхны Ардын уран зохиолч, Төрийн гурван удаагийн шагналт зохиолч, орчуулагч, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, академич Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 115 жилийн ойд зориулсан “Утгын чимэг 2023” наадмыг Монголын зохиолчдын эвлэл, Дорнод аймгийн Матад сумын Нутгийн зөвлөл хамтран Дорнод аймгийн Чойбалсан хотод зохион байгууллаа.
33 дахь удаагийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын нэгдүгээр шатанд Монгол, ӨМӨЗО, Буриад, Халимагийн зохиолчдын 90 гаруй өгүүллэг иржээ. Өмнөх наадмуудад 30-50 өгүүллэг ирдэг байсныг зохион байгуулагчид дурдсан юм. Ингээд эцсийн шатанд 11 зохиолчийн өгүүллэг тунаж үлдэн Дорнод аймгийн Чойбалсан хотноо өгүүллэгээ дуудууллаа.
Улмаар тэргүүн байранд Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджавын “Тамга”
өгүүллэгээрээ шалгарсан юм. Тэрбээр өмнө нь энэхүү наадамд таван удаа дэд байр эзэлж
байсан билээ. Тэгвэл дэд байрыг Д.Гүн-Үйлсийн “Алтан судар”, гуравдугаар байранд
Ардын уран зохиолч, Төрийн шагналт зохиолч Б.Догмидын “Морин цэргийн дууль” өгүүллэг
шалгарав.
Тэгвэл шилдэг уншигчаар Ардын жүжигчин Г.Равданыг тодруулсан юм. Уран уншигчдаас ивээн тэтгэгч болон XX зууны манлай эмэгтэй жүжигчин Т.Цэвээнжавын нэрэмжит шагналыг уг наадмын тэргүүн өгүүллэг болох “Тамга”-ыг уншиж олны хүртээл болгосон жүжигчин, дуу оруулагч Ө.Мөнгөнтулга гардлаа. Түүнчлэн Өвөрмонголын зохиолч Э.Бүрэнтөгсийг “Утга зохиолын төлөө” шагналаар шагнасан байна. Тэргүүн өгүүллэгийн эзэн болон түүнийг уншиж олны хүртээл болгосон уран уншигчид Дорнод аймгийн Матад сумын Нутгийн зөвлөлөөс хурдан удмын даага бэлэглэжээ.
Сонирхуулахад, “Утгын чимэг 2023” наадмын сүүлийн шатанд шалгарсан өгүүллэгүүдийг Ардын
жүжигчин Г.Равдан, жүжигчин, дуу оруулагч Ө.Мөнгөнтулга, МҮОНР-гийн нэвтрүүлэгч Д.Сайнтод, Дорнод
аймгийн ХДТ-ын жүжигчин Э.Батмөнх, Э.Батболд, СУИС-ийн Театр урлагийн сургуулийн
Ярих урлагийн тэнхимийн эрхлэгч Б.Даваа, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн
багш Ж.Болор-Эрдэнэ, нэвтрүүлэгч Д.Пүрэвжав, жүжигчин Т.Энхдөл, Ө.Наранбаатар, СУИС-ийн
оюутан О.Наранбаатар нар уншиж сонордуулав.