Хошууч генерал Б.Эрдэнэбатыг Кипр дэх НҮБ-ын Энхийг сахиулах хүчний командлагчаар томилжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ оны нэгдүгээр сарын 2-нд хошууч генерал Б.Эрдэнэбатыг Кипр дэх НҮБ-ын Энхийг сахиулах хүчний командлагчаар томилжээ.
Хошууч генерал Б.Эрдэнэбат нь Монгол Улсын Агаарын цэргийн штабын даргаар 2020-2023 онд, Зэвсэгт хүчний жанжин штабын ахлах офицероор 2017-2018 онд, Зэвсэгт хүчний жанжин штабын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн даргын албыг 2014-2017 онд тус тус хашиж байсан. Түүнчлэн Ирак, Сьерра-Леон, Косово, Судан, Өмнөд Судан зэрэг НҮБ болон Хойд Атлантын эвслийн байгууллагын энхийг сахиулах, энхийг дэмжих 8 удаагийн ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байсан туршлагатай.
Тэрбээр НҮБ-ын Либери дэх Энхийг сахиулах ажиллагааны бүсийн командлагчаар 2010-2011 онд, НҮБ-ын Өмнөд Судан дахь ЭСА-ны батальоны командлагчаар 2013-2014 онд, НҮБ-ын Өмнөд Судан дахь ЭСА-ны Өмнөд секторын штабын даргаар 2018-2019 онд, мөн ажиллагааны Жуба секторын командлагчаар 2021-2022 онд тус тус ажиллажээ.