"Өвсний үндэс" хөтөлбөрийн санхүүжилтээр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийг засна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд "Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нэгдсэн эмнэлгийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр боллоо.
Энэхүү төслийн гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара болон Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав нар гарын үсэг зурав. Уг ёслолд УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, БХБ-ын сайд Ц.Даваасүрэн нар оролцов.
Төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлгийн гурав, дөрөвдүгээр давхарт засварын ажил хийх юм.
Үүнд, барилгын дотор засвар /шал, тааз, дотор засал, хаалга, цонх/, цэвэр, бохирын шугам, угаалтуур, суултуур, агааржуулалтын систем, цахилгаан болон холбоо /дотор гэрэлтүүлэг, унтраалга, залгуур, цахилгааны шугам, аваарын гэрэл, галын дохиолол, холбоо мэдээллийн систем/ зэргийг засварлах бөгөөд тус эмнэлгийн эрүүл ахуй, орчин нөхцөл сайжирч, аймгийн иргэд эрүүл аюулгүй орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан онцолж байна.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Игавахара хэлэхдээ, “Миний бие 2023 оны 12 дугаар сарын 2-нд Монгол Улсад томилогдон ирсэн. 2024 оны анхны буцалтгүй тусламжийн төсөлд гарын үсэг зурлаа. Хөвсгөл аймгийн иргэдэд эрүүл мэндийн нэгдсэн тусламж, үйлчилгээ үзүүлдэг аймгийн Нэгдсэн эмнэлгий төв байр нь он удаан жилийн ашиглалтаас үүдэж ихээр элэгдэж хуучирсан гэж дуулсан. Энэ удаагийн төслийг хэрэгжүүлснээр аймгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцөл боломж бүрдэнэ гэж найдаж байна.
Японы ард түмний татварын мөнгөөр санхүүждэг “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн энэхүү төслийг чанартай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь удирдан зохион байгуулж, хянаж ажиллахыг Засаг дарга танаас хүсэхийн зэрэгцээ засварын дараа ариг гамтай ашиглахыг холбогдох хүмүүсээс хичээнгүйлэн хүсэж байна. Хөвсгөл аймаг Монголын хамгийн том цэнгэг устай нуур, үзэсгэлэнт сүрлэг уулс зэрэг аялал жуулчлалын арвин нөөцтэй бүс нутаг гэж дуулсан. Ийм сайхан баялагтай Хөвсгөл аймаг цаашдаа улам хөгжинө гэдэгт итгэж байна” гэв.
Хөвсгөл аймгийн нэгдсмэн эмнэлгийн барилга 1971 онд ашиглалтад орсон, 355 ортой, 344 эмч ажилтантай, хэвтэн эмчлүүлэх клиник, дэмжих үйлчилгээний 18 тасаг нэгжтэй, тус аймгийн 140 мянга гаруй хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг томоохон байгууллага юм.
УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар хэлэхдээ, “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтүй тусламж”-ийн хөтөлбөр Хөвсгөл аймагт 1996 оноос хойш хэрэгжиж эхэлсэн. Энэ хугацаанд нийтдээ 2.5 сая ам.долларын 30 төслийг санхүүжүүлж хэрэгжсэн байна. Хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ЕБС-ийн дотуур байрны их засвар, Рашаант сумын ЕБС-ийн байр, Цагааннуур сумын цэцэрлэгийн засвар зэрэг төслийг хэрэгжүүлэхэд миний бие хамтран ажилласан. Эдгээр төсөл бүгд амжилттай хэрэгжсэн гэдгийг тэмдэглэн хэлье. Энэ удаад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгт 853 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий их засварын ажил хийх юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл ахуйн орчин нөхцөл сайжирч, иргэд эрүүл аюулгүй орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах боломж бүрдэнэ” гэв.
Япон Улсын Засгийн газар Монгол Улсад 1990 оноос өдийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн. Энэ удаагийн төсөл нь Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 598 дахь, Хөвсгөл аймагт хэрэгжүүлэх 30 дахь төсөл болж байгаа юм. Энэхүү төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 247.894 ам.доллар юм.
“Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын хот болон орон нутгийн засаг захиргаа, боловсрол, эрүүл мэндийн байгууллагатай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Тухайн орон нутгийн иргэд үр ашгийг нь шууд хүртэх боломжтой төслүүдэд санхүүжилт олгодог бөгөөд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхэд Япон Улсын гадаад дахь дипломат төлөөлөгчийн газруудад голлох үүргийг гүйцэтгэдэг байна.
