Чөлөөт бөх: Ширүүн өрсөлдөөн, шударга зарчим

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-15 15:44:40

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Олимпын хөтөлбөрт багтдаг спортын төрлүүдийн салхийг хагалсан тус тэмцээнд 29 байгууллагын 270 гаруй тамирчин өрсөлдлөө. Зургаан сар гаруйн дараа Францын нийслэл Парис хотод зуны спортын XXXIII наадам хөшгөө нээнэ. Олимптой жилийн УАШТ гэдгээрээ тус тэмцээн нэлээд өрсөлдөөнтэй болох нь тодорхой байлаа. Ялангуяа олимпын жингүүдэд бүр ч ширүүн өрсөлдөөн гарсан. 


Үүнээс эмэгтэйчүүдийн 50, 68 кг-д Монголыг төлөөлж Парист барилдах бөх хэдийнэ тодорсон. Харин үлдсэн 10 жинд ямар тамирчин эрхийн тэмцээнд оролцох нь анхаарлын төвд байлаа. Улсын аваргад түрүүлсэн бөх дөрөвдүгээр сард болох олимпын эрхийн эхний тэмцээнд зодоглоно. Тухайн бөх эрхээ авч чадвал өөрөө шууд олимпод барилдах тамирчнаар сонгогдох юм. Тиймээс олимпын жингүүдэд өрсөлдөөн эхнээсээ л ширүүн байсныг онцлох нь зүйн хэрэг. Тэгвэл олимпын бус жингүүдэд түрүүлсэн бөх Азийн аваргад өрсөлдөхөөр байлаа. УАШТ-ий эргэн тойронд өрнөсөн үйл явдал болон тэмцээнийг тоймлосон бэсрэг сурвалжилгаа хүргэе.


Монголын чөлөөт бөхийн холбоо шинэ удирдлагатай болсноос хойших анхны УАШТ нь энэ юм. Тэр утгаараа Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар нээлтэд үг хэлэхдээ эрэгтэйчүүдийн ангилалд 44 жил тасарсан олимпын медалийг авчрахын төлөө бүх анхаарлаа хандуулахаа хэллээ.


Тэрбээр ярихдаа “Дүрэм, журмаа баталлаа. Үл ойлголцол, талцлаа нэг тийш болгосон. Ингэснээр холбоо энэ цаг мөчөөс хойш нэг цул болж ажиллаж байна. Олон улсын тэмцээний стандартын дагуу улсын аваргаа зохион байгуулж байна. Улсын аваргаар дотоодын чансааг анх удаа тогтоож буйгаараа онцлогтой. Мөн шүүлтийн шинэ систем, техник хэрэгсэл нэвтрүүллээ. Олимпын жилд болж буй гэдгээрээ тамирчид олноороо оролцлоо. Ялангуяа олимпын жингүүдэд. 125 кг-д л гэхэд 30 гаруй бөх барилдсан. Ийм олон бөх барилдсан нь анхны тохиолдол юм. Дэлхийн аваргын медальтай 14 тамирчин барилдлаа. Үүнээс зургаа нь Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан байна. Тэгэхээр ямар чансаатай тэмцээнийг харж болно. 2024 онд манай холбоо 44 жил тасарсан эрэгтэй чөлөөт бөхийн олимпын медалийг авах зорилготой. Цаашлаад аваргатай болохын төлөө зүтгэнэ. Эмэгтэйчүүд маань олимпоос авсан медалийнхаа өнгийг хувиргах зорилготой. 12 жингээс хоёрт нь эрхээ авсан. Үлдсэн 10 жинд эрхээ авахын тулд бүх хүчээ дайчилна. Бидэнд ердөө хоёрхон тэмцээн үлдсэн. Чөлөөтийнхөн олуулаа Парисыг зорихыг эрмэлзэж байгаа юм” гэв.


Энэ жилийн улсын аваргад шүүгчийн нулимс, шинэ номын нээлт, шинэлэг систем, хор шар, нэг багшийн шавь гавьяатуудын дуэль, төрсөн эгч, дүү, ах, дүү нарын ялалтын буухиа гээд үйл явдал өрнүүн байлаа. Тухайлбал, Азийн наадмын хүрэл медальт Н.Насанбуян 57 кг-д хүрэл медалиар энгэрээ мялаасан бол түүний дүү дэлхийн аваргын хүрэл медальт Н.Наранхүү 61 кг-д түрүүлж, Монгол Улсын хошой аварга боллоо. Мөн 59 кг-д “Хантайшир”-ын Б.Анударь улсын аваргад түрүүлсэн бол түүний эгч дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Хулан 53 кг-д түрүүлснээр олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөх эрхээ олж авсан юм.


Эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд 33 бөх барилдсан нь түүхэн үзүүлэлт байлаа. Энэ жинд залуу мастер, “Ганьт”-ын Б.Одгэрэл онцгой байсан бөгөөд Ш.Пүрэвгарьдийг эхний тойрогт үзэгчдийн суудалд шилжүүлснээр шуугиан тарьсан. Улмаар “нэвт гүйж” финалдсан ч М.Лхагвагэрэл гавьяатыг дөнгөсөнгүй. М.Лхагвагэрэл гавьяат сүүлийн хэдэн жил онцгой байгаа бөгөөд дотооддоо түүнийг дийлэх бөх одоогоор алга. Тэрбээр тэмцээний турш 45 оноо авч, ердөө хоёрхон оноо өрсөлдөгчдөө алджээ. Олимптой жилийн улсын аварга гэдгээрээ олимпын жингүүдэд гол өрсөлдөөн өрнөсөн нь тодорхой.


57 кг-д Х.Болортуяа туршлагаар илүүрхэж дөрөвдүгээр сард олимпын эрхийн тэмцээнд оролцох болзлоо хангасан. Түүний өрсөлдөгч нь ирээдүйтэй залуу мастер Б.Хонгорзул байлаа. Тэр 6:0-ээр илүүрхэж барилдааныг эхлүүлсэн ч эцсийн мөчид өөрөө алдаа гаргаж, Х.Болортуяа туршлага зааснаар ялалт байгууллаа.


Тэгвэл 62 кг-д таамаг ёсоор гавьяат тамирчин П.Орхон, С.Цэрэнчимэд нар финалдах нь тэр. Ялсан нь дөрөвдүгээр сард олимпын эрхийн төлөөх тэмцээнд оролцоно. Барилдаан эхлэхэд С.Цэрэнчимэд гавьяат эхний оноог авсан. Тун өрсөлдөөнтэй, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн барилдааны ялагч нь эцсийн мөчид П.Орхон болов. Хэдийгээр ялагдсан ч С.Цэрэнчимэдэд боломж бий. Хэрвээ П.Орхон Киргизээс эрхээ авч чадахгүй бол олимпын эрхийн сүүлчийн тэмцээнд С.Цэрэнчимэд оролцох юм.


Эмэгтэй тамирчдаас онцгой нэгэн байсан нь яах аргагүй О.Бурмаа гавьяат. Тэрбээр 22 дахь удаагаа улсын аваргад барилдаж мөнгөн медаль хүртлээ. 76 кг-д “Алдар”-ын Э.Даваанасан түрүүлэв. Тэрбээр олимпод оролцохыг хүсчээ. Тиймээс жин өгсөж барилдан улсын аваргад түрүүлснээр эрхийн тэмцээнд зодоглох болзлоо биелүүлэв. Өнгөрсөн жил дэлхийн аваргаас медаль хүртсэн түүний хувьд эрх авах боломж бүрэн бийг мэргэжилтнүүд онцолсон юм.


Эрэгтэйчүүд одоогоор нэг ч эрх аваагүй. Энэ хэрээр олимпын жин бүр өрсөлдөөнтэй болсон. 57 кг-д З.Занабазарыг түрүүлэх болов уу гэсэн таамаглал байлаа. Түүний хувьд финалд шалгарсан. Гэтэл финалд “Төгс” дэвжээний Б.Мөнх-Эрдэнэд ялагдсанаар эхний боломжоо алдах нь тэр. Хэрвээ Б.Мөнх-Эрдэнэ Азийн дэвжээнээс эрхээ авбал З.Занабазарын хувьд дахин нэг олимп өнжих нь. Харин 65 кг-д “Алдар”-ын Ц.Цогтбаатар шинэхэн гавьяат Т.Тулгыг ялснаар олимпын эрх олгох Азийн тэмцээнд зодоглохоор боллоо.


Өнгөрсөн жил онцгой байсан Т.Тулгын хувьд Ц.Цогтбаатарыг Азийн тэмцээнд хэрхэн барилдахыг хүлээх л үлдлээ. Залуу мастер Ц.Цогтбаатар ялалт авсныхаа дараа дэвжээн дээр сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ зүй бус үйлдэл гаргасан ч уучлалт гуйсан юм. 74 кг-д О.Сүлдхүү, 86 кг-д Б.Бат-Эрдэнэ, 97 кг-д Г.Ганхуяг нар Бишкекийг зорьж олимпын эрхийн тэмцээнд барилдана. Тэд боломжоо алдвал улсын аваргад дэд байр эзэлсэн тамирчид тавдугаар сард олимпын эрх болгох сүүлчийн тэмцээнд өрсөлдөх юм. Б.Бат-Эрдэнийн хувьд улсын аваргад түрүүлэх магадлал 80 хувьтай байсан бөгөөд  үзэгчдийн таавар биелж улсын аваргад дөрөв дэхээ түрүүллээ. Түүнийг зогсоох хүчтэн энэ удаа байсангүй.


Л.Болормаа сүүлийн удаа улсын аваргад шүгэл үлээлээ

Энэ жилийн УАШТ-ий барилдаануудыг 39 шүүгч дэнсэлсэн. Тэдний нэг нь сүүлийн барилдаанаа шүүж, шүүгчийн замналаа албан ёсоор өндөрлүүллээ. Энэ хүн бол Монголын анхны эмэгтэй олон улсын шүүгч Л.Болормаа байв. Тэрбээр 1998 оноос хойш 27 дахь улсын аваргадаа шүүгчээр ажиллаад алтан дэвжээндээ хүндэтгэл үзүүлэн нүдэндээ нулимстайгаар дэвжээнээс буусан юм.




Эмэгтэй шүүгчдийн өсөж хөгжих замыг нээж, урагшлах замын түүчээ болсон түүнд Монголын чөлөөт бөхийн холбоо, МҮОХ, шүүгчид, тамирчид, дасгалжуулагчид, гэр бүл, найз нөхөд нь хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Л.Болормаа өөрийг нь шүүгчийн эрдэмд сургасан багш нартаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулсан юм. Мөн тэрбээр УАШТ-ий гурван жинг онцлон аварга болсон тамирчдад тус бүр нэг сая төгрөгийн шагнал гардуулан өгөв. Тухайлбал, өөрийн шавь Э.Бэхбаярын барилдаж байсан 57 кг-ын жингийн аварга бөх Б.Мөнх-Эрдэнэ, өөрийн хань А.Энхээгийн барилдаж байсан 65 кг-ын жингийн аварга Ц.Цогбадрах, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн аварга Б.Хулан нарт мөнгөн шагнал гардуулсан юм.

Мөн чөлөөт бөхийн ДАШТ-ий медальт анхны эмэгтэй бөх Ц.Энхжаргал, залуу шүүгч Г.Энхжин нарт хүндэтгэл үзүүлэн гарын бэлгээ өглөө.


“Мөнгөрч мөнхөрсөн Белград-2023” номын нээлт болов

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, гэрэл зурагчин Д.Нямбилэг, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн З.Жамбалсүрэн нарын “Мөнгөрч мөнхөрсөн Белград-2023” номын нээлт УАШТ-ий үеэр болов.




Д.Нямбилэг сүүлийн гурван ДАШТ-д албан ёсны гэрэл зурагчнаар ажиллаж, гурав дахь номоо өлгийдөн авсан нь энэ юм. Өмнө нь тэрбээр “Огшиж, омогшсон Осло 2021”, “Баярлаж, бахархсан Белград-2022” номыг чөлөөт бөх сонирхогчдын хүртээл болгож байлаа. “Белград-2023” ДАШТ-д Монголын бөхчүүд амжилттай барилдаж, гурван мөнгөн медаль хүртсэн тул номоо ийн нэрлэжээ.


Номын гэрэл зургуудыг Д.Нямбилэг, З.Жамбалсүрэн нар авч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар эмхэтгэн редакторлож, Ш.Эрдэнэбилэг хэвлэлийн эхийг бэлтгэжээ. Номын дээжээс “Белград-2023” ДАШТ-д оролцсон багийн гишүүд, тамирчдад гардуулан өгсөн юм.



УАШТ-ий нэгдсэн дүн

Эмэгтэй:

50 кг:

1. М.Мөнхгэрэл (Оргил)

2. Б.Мөнхнар (Алдар)

3. Ц.Намуунцэцэг (Дархан Хасу)

53 кг:

1. Б.Хулан (Аврагч)

2. Б.Болортуяа (Женко)

3. Ч.Отгонтуяа (Аваргууд академи)

55 кг:

1. М.Дөлгөөн (Алдар-2)

2. Б.Отгонтуяа (Алдар)

3. М.Номин-Эрдэнэ (Хилчин)

3. Э.Буман-Аюуш (Шандас)

57 кг:

1. Х.Болортуяа (Аврагч)

2. Б.Хонгорзул (Хилчин)

3. Б.Энхтүвшин (Хайрхан уулын дэвжээ)

3. Э.Гантуяа (Хайрхан уулын дэвжээ)

59 кг:

1. Б.Анударь (Хантайшир)

2. Б.Болор-Эрдэнэ (Алдар)

3. Л.Эрдэнэболор (Их Монголын хүчтэн)

62 кг:

1. П.Орхон (Алдар)

2. С.Цэрэнчимэд (Алдар)

3. Б.Хулан (Оргил)

65 кг:

1. Т.Энхжин (Аваргууд академи)

2. Д.Түмэнхүслэн (Цаст тайга)

3. Э.Аззаяа (Аваргууд академи)

3. Н.Нархажид (Алдар-2)

68 кг:

1. П.Номин-Эрдэнэ (Алдар)

2. Э.Одзаяа (Женко)

3. А.Даваажаргал (Аваргууд академи)

72 кг:

1. З.Болортунгалаг (Хилчин)

2. О.Бурмаа (Хүч)

3. Д.Цогзолмаа (Алдар)

76 кг:

1. Э.Даваанасан (Алдар)

2. Н.Загардулам (Хилчин)

3. Г.Ариунжаргал (Алдар)

Эрэгтэй

57 кг:

1. Б.Мөнх-Эрдэнэ (Төгс)

2. З.Занабазар (Хилчин)

3. Н.Насанбуян (Дархан Хасу)

3. М.Даваабанди (Алдар)

61 кг:

1. Н.Наранхүү (Хилчин)

2. Э.Энхболд (Төв Арж)

3. Г.Батнасан (Төгс)

3. А.Даваадорж (Төгс)

65 кг:

1. Ц.Цогбадрах (Алдар)

2. Т.Тулга (Хүч)

3. Н.Ганбаяр (Цаст тайга)

3. Т.Түвшинтулга (Аваргууд академи)

70 кг:

1. Ц.Чинзориг (Алдар)

2. Э.Тэмүүлэн (Хилчин)

3. Э.Төгсжаргал (Дархан Хасу)

3. Ш.Дэлэг (Спортын төв сургууль)

74 кг:

1. О.Сүлдхүү (Алдар)

2. Б.Батбаяр (Дархан Хасу)

3. З.Сумъяабазар (Арслан)

3. Н.Оргил (Цаст тайга)

79 кг:

1. Э.Бямбадорж (Шандас)

2. А.Дөлгөөн (Дархан Хасу)

3. Б.Мөнхдаваа (Хантайшир)

3. Б.Сундуйжадамба (Хилчин)

86 кг:

1. Б.Бат-Эрдэнэ (Хилчин)

2. Н.Батбилгүүн (Төв Арж)

3. Т.Дэмчигдорж (Алдар)

3. Г.Төрболд (Хилчин)

92 кг:

1. Д.Батзул (Дархан Хасу)

2. Г.Даянбилэг (Аваргууд академи)

3. Б.Нямбаяр (Приус центр)

3. А.Мягмарсүрэн (Ганьт)

97 кг:

1. Г.Ганхуяг (Алдар)

2. Ө.Батзул (Тэх Мөнх)

3. Б.Бадамдорж (Аврагч)

3. Л.Төртогтох (Их шавь)

125 кг:

1. М.Лхагвагэрэл (Хилчин)

2. Б.Одгэрэл (Ганьт)

3. Ч.Алтангэрэл (Хилчин)

3. О.Үйтүмэн (Алдар)

Багийн дүнгээр “Алдар” спорт хорооныхон тэргүүлсэн бол “Хилчин”, “Аваргууд” академи, “Дархан Хасу”-гийнхан удааллаа. 


























相关新闻