“Чингис хаан цом”-ын төлөөх барилдаан баасан гарагт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-т зориулсан “Чингис хаан цом”-ын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан энэ сарын 21-ний баасан гарагт 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Тус барилдааны бүртгэл албан ёсоор эхэллээ. “Монгол бахархлын өдөр”-ийн барилдааныг 2012 онд анх удаа зохион байгуулахад Архангай аймгийн Хашаат сумын харьяат улсын аварга Ч.Санжаадамба заан цолтойдоо түрүүлж, арслан Ц.Содномдорж харцага цолтойдоо үзүүрлэж байв. Тэрбээр 2012, 2013 онд дараалан түрүүлсэн бол улсын гарди Ө.Бат-Орших 2014, 2021 онд түрүү бөхөөр тодорчээ. Харин улсын аварга П.Бүрэнтөгс 2015, 2022 онд түрүүлсэн юм. Ч.Санжаадамба, П.Бүрэнтөгс, Ө.Бат-Орших нараас өөр энэхүү барилдаанд хоёр түрүүлсэн бөх одоогоор байхгүй.
Тэгвэл өнгөрсөн жил анх удаа “Чингис хаан” цом олгож эхэлсэн. Анхны цомын эзнээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат улсын харцага Э.Даш тодорсон юм. 2012 оноос хойш 12 удаагийн барилдаан болоход есөн бөх түрүүлжээ. Энэхүү барилдааныг 2019, 2022 онд Улс тунхагласны ойн баяртай хамтатган зохион байгуулж байв. Харин 2020 онд коронавируст цар тахлын улмаас зохион байгуулаагүй өнжжээ.
Ташрамд дурдахад,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 165 дугаар
зарлигийн дагуу “Чингис хаан” цомыг Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү
бөхөд олгож байхаар шийдвэрлэсэн юм. Энэхүү цом нь 126 см өндөр, 18 кг жинтэй.
Хүрэл цутгамал, алтан шармал “Чингис хаан” цомын нүүрэн талд “Мөнх тэнгэрийн
хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээн монгол бичгээр бичжээ.
Харин ар талд Их эзэн Чингис хааны онги тамгыг мөнхөлсөн байна. Цомыг уран
бүтээлч, зураач, дизайнер С.Чулуунбаатар бүтээсэн бөгөөд дөрвөн зүг найман
зовхист амьдран суугаа монголчууд амар амгалан, дайчин цогтой, хийморьлог байж,
Монгол Улс мөнхөд оршин байх бэлгэдлийг дүрслэн урлажээ. Тус цом нь
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдааны түрүү бөхөд шилжин явах юм.
Харин “Чингис хаан” цомын жижиг хувилбарыг жил бүрийн түрүү бөхөд үүрд
хадгалуулна.



Ulaanbaatar