"Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлж, шинэ шатанд гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Олон улсын эрдэмтэн судлаачдыг оролцуулсан "Эрүүл монгол хүн үндэсний хөдөлгөөн-Хүн амын эрүүл мэндийн шинжлэх ухааны ойлголт" сэдэвт бодлогын зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” гэсэн харилцан бие биеэ тэтгэсэн гурван тулгуурт үндэсний хөдөлгөөнийг орон даяар хэрэгжүүлж буй. “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн нь монгол хүний дундаж наслалтыг уртасгах, эрүүл мэндийг тэтгэх, бие бялдрыг нь анагаахын шинжлэх ухааны үндэслэлтэй чийрэгжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн нийтийн эрүүл мэндийн арга хэмжээ юм. Хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, эрх зүйн шинэчлэл, үйл ажиллагаа болон нөлөөллийн ажлын чиглэлийг тогтоох, хэрэгжилтийн явцыг дүгнэх, ойрын болон урт хугацааны үр дүнг тооцохдоо эрдэмтэн судлаачдын оролцоо, туршлага, шинжлэх ухааны мэдлэг, инновацад тулгуурлаж буй.
Өнөөдрийн зөвлөлдөх уулзалт нь “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн дараагийн шат руу шилжих нэг алхам мөн болохыг Ерөнхийлөгчийн эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан онцолж байв. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ, “Энэхүү хөдөлгөөний эхний үе шатны хүрээнд монгол хүний эрүүл мэндэд хамгийн хортой нөлөө үзүүлж буй архи, согтууруулах ундааны хэрэглээг бууруулахад чиглэсэн бодлогын болон үйл ажиллагааны ажлыг зохион байгуулсан. Дараагийн нэг сөрөг нөлөө үзүүлж байгаа хэрэглээ бол тамхинд донтох эмгэг юм. Тамхины хэрэглээг хэрхэн бууруулах вэ, ялангуяа залуу хойч үеийнхний дундах хэрэглээг хэрхэн багасгах вэ гэдэгт анхаарлаа хандуулж байна. Тиймээс тамхины хэрэглээтэй холбоотой судалгаа явуулж, урьдчилсан байдлаар дүгнэлт гарч эхэлсэн. Судалгааны нэгдсэн дүн гарснаар бид цаашид ямар арга хэмжээ авч ажиллахаа тодорхойлно. Чихэрлэг ундааны хэрэглээтэй холбоотой судалгааны дүн нэгтгэгдээд дууссан. Чихэрлэг ундаа, чихэрлэг бүтээгдэхүүн нь хүүхдийн эрүүл мэндэд хортойн дээр таргалалт болон зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан болж байгаа нь тогтоогдсон. Тиймээс олон улсад татварын ямар бодлогыг хэрэгжүүлж байна вэ, нөлөөллийн ямар ажлуудыг хийж байна вэ, үйлдвэрлэлийн шатанд ямар зохицуулалтыг тусгаж байна вэ гэсэн асуудлыг судалж, цогц арга хэмжээ хэрэгжүүлэх болно. Өмнө нь нэг төрлийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм уу эсвэл богино хугацааны ажлыг хийж ирсэн нь өнөөдрийн түвшинд хүргэсэн” гэлээ.
АНУ-ын Вашингтоны их сургуулийн профессор, Эрүүл мэндийн хэмжил зүйн үнэлгээний хүрээлэнгийн захирал Мохсен Нагави “Монгол хүний дундаж наслалтыг уртасгах, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах чиглэлд анхаарвал зохих гурван чухал хүчин зүйл байна. Нэгдүгээрт, архи тамхины шалтгаантай эрсдэлт өвчлөлийн ачаалал дарамт маш өндөр байна. Архины хэрэглээг бууруулахын тулд аюулгүй түвшинд бага хэмжээгээр хэрэглэх хэрэгтэй. Тамхийг огт хэрэглэхгүй байх нь зүйтэй. Хоёрдугаарт гепатит В, С вирусийн шалтгаант өвчлөлүүд байна. Гепатит В вирусийн нэмэлт тун бүхий тарилгад хамрагдах шаардлагатай. Ингэснээр шинэ халдвараас сэргийлэх, эрсдэлийг бууруулах боломж бүрдэнэ. Гуравдугаарт артерийн даралт ихсэх. Иймээс 20 настайгаас дээших насны бүх хүн артерийн даралтаа хэмждэг байх хэрэгтэй. Артерийн даралттай гэж оношлогдсон тохиолдолд эмчилгээнд тогтмол хамрагддаг байх ёстой. Мөн эх хүүхдийн өвчлөл, түүнээс улбаатай нас баралтын шалтгааныг бууруулахад анхаарахыг зөвлөж байна. Ер нь дэлхий улс орнуудын авч хэрэгжүүлсэн туршлагыг харахад, улс орон бүр тулгамдсан асуудлаа шийдвэрлэсэн гарц нь өөр өөр байдаг. Тиймээс тулгамдсан ямар асуудалтайгаа уялдсан шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлэх нь зүйтэй юм” гэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилготой 43 дугаар зарлигаараа архины хатуулгийг жил бүр бууруулах, онцгой албан татварыг нэмэх, иргэдээ соён гэгээрүүлэх, эрүүл зан үйл төлөвшүүлэх чиглэлд нөлөөллийн ажлыг өргөн далайцтай хэрэгжүүлэх, донтох эмгэгийн үед үзүүлэх тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн юм. Уг зарлигийн хэрэгжилтийг хангах үүднээс УИХ-аар 2022 оны 7 дугаар сард Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Онцгой албан татварын тухай хууль, Засгийн газрын сангийн тухай хууль зэрэг дагалдах 10 гаруй хуульд өөрчлөлт оруулсан нь өнгөрсөн оноос хэрэгжиж буй. Үндэсний статистикийн хорооны мэдээнээс үзвэл, согтууруулах ундааны борлуулалтын хувьд 2022 оны эхний хагаст 16,8 сая литр, харин 2023 оны мөн үед 14,6 сая литр болж архины худалдан авалт 2.2 сая литрээр багассан эерэг өөрчлөлт гарсан. Мөн согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 15.8 хувиар, шалгагдсан зөрчил 13.6 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, торгуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан зөрчил 26.0 хувиар, согтуугаар үйлдэгдсэн зам тээврийн осол 41.3 хувиар буурсан байна.
АШУҮИС-ийн багш, доктор М.Ундрам энэ үеэр чихэрлэг ундааны хэрэглээгээрээ манай улс дэлхийд нэлээд дээгүүрт орж байгааг хэлж байв. Тэрбээр “Чихэрлэг ундаа гэдэгт хийжүүлсэн ундаа, жимсний ундаа, 100 хувийн жимсний жүүс, энергийн ундаа багтдаг. Эдгээр бүтээгдэхүүн нь хэрэглэхэд таатай хэдий ч шим тэжээл гэх зүйл байдаггүй. Тиймээс хүүхэд ахуйдаа ийм төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх, хэрэглэсэн тохиолдолд бага хэмжээгээр хэрэглэх нь зөв хэрэглээ юм” хэмээн зөвлөж байна. Харин тамхины хэрэглээний тухайд “Өсвөр үе, залуу иргэдийн тамхины хэрэглээ” судалгааны зохицуулагч Г.Доржбалам иргэд янжуур болон электрон гэсэн хоёр төрлийн тамхийг хэрэглэж байна. Электрон тамхи хэрэглэж буй гол шалтгааныг үнэр, амт ба энгийн хэрэглээ гэж өсвөр насныхан хариулсан байсан. Гэтэл электрон тамхи нь дараа дараагийн донтуулах үйл явцыг эхлүүлдэг сөрөг нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, өөр өөр амт үнэр бүхий электрон тамхийг хэрэглэх нь донтуулах явцыг түргэтгэдэг гэсэн үг. Иргэд электрон тамхийг хоргүй гэж ярьдаг ч үнэндээ сорох үед шаталт явагдаж, хорт бодисууд ялгардаг. Энэ төрлийн тамхи нь зах зээлд худалдаалагдаад удаагүй тул янжуур тамхитай адил хор хөнөөлийнх нь талаар бүрэн дүүрэн тодорхойлоогүй. Гэхдээ сүүлийн үед хийсэн олон улсын судалгаагаар, тухайн өсвөр насны хүүхэд эв эрүүл мөртлөө уушги нь гэмтсэн байх нь олширсон. Үүнийг электрон тамхины хэрэглээтэй холбон тайлбарлах болсон” хэмээв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран зохион байгуулсан энэхүү уулзалтад олон улсын судлаачид эрдэмтэд болон Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс хөдөө аж ахуйн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Цагдаагийн ерөнхий газар, аймгийн Засаг дарга нар, АШУҮИС, Монголын Анагаах ухааны академи, аймгийн ЭМГ-ын дарга нар, ЭМЯ-ны харьяа төвийн захирал зэрэг 80 орчим төлөөлөл оролцлоо.