Спортоор амьсгалах 10 хоног эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/.
Б.Хосбаяр: Бид эх орондоо Азийн наадам зохион
байгуулах амбицтай
Спорт холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар болж буй тус тэмцээн спортын таван ордонд 20 төрлөөр болж байна. Нэгдсэн УАШТ-д 3000 гаруй тамирчин 384 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд зохион байгуулалтад сайн дурынхан оролцсон 150 гаруй хүн ажиллаж байна.
Энэ талаар Монголын спортын корпорацын гүйцэтгэх захирал Б.Хосбаяр ийн ярилаа. Тэрбээр “Энэ жил спортын 20 төрлөөр тэмцээнээ зохион байгуулж байна. Шинээр буудлага, бадминтон, снукер бильярдын төрөл нэмэгдсэн. Олимпын төрлийн найман спорт нэгдсэн УАШТ-д багтсан. Буудлага, байт харваанаас эхлээд олимпын эрхийн тэмцээнд удахгүй мордоно. Тиймээс олон улсын тэмцээнийг бид мэдрүүлэх зорилготой. Өмнө нь зөвхөн “Степп Арена”-д зохион байгуулдаг байсан бол энэ жилээс таван өөр зааланд хийж буйгаараа онцлог. Энэ нь наадам гэсэн утгадаа дөхөж очиж байгаа нэг хэлбэр юм. Бидний алсын хараа бол Азийн наадмыг эх орондоо зохион байгуулах амбицтай. Тийм учраас олон заалыг сонгосон. Оролцогчдын тоо 3000 давсан байна” гэв.
Спортоор амьсгалах 10 хоногийн хүрээнд зөвхөн тэмцээн зохион байгуулахгүй аж. Тодруулбал, тэмцээнээс гадна спорттой холбоотой кино үзвэр, тамирчдыг хөгжүүлэх допинг, авлига, хар тамхи, спорт дахь дарамт, хүчирхийлэл гэх мэт олон төрлийн сургалт зохион байгуулахаар бэлдсэн. Нэг ёсондоо тамирчид руу чиглэсэн олон ажил зохиохоор төлөвлөжээ.
Энэ жил олимп болох учраас олимпын хөтөлбөрт багтдаг спортын төрлүүд нэгдсэн байна. Үүнээс гадна холбоодыг дэмжих хөтөлбөр зарлажээ. Энэ хүрээнд үндсэн 15 төрлийнхөө спорт холбоод тус бүрд нь 15 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх гэнэ. Уг санхүүжилт нь тухайн спортын ирээдүйн хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмрээ оруулах зориулалттай аж.
Холбоодын нэгдсэн УАШТ энэ жилээс албан ёсоор нээлт хийдэг болж байгаа аж. Уг нээлтийн ёслол өнөөдөр “Степп Арена”-д болох юм. Нээлтээр спортын холбогдолтой сонгодог урлагийг түлхүү харуулах зорилготой ажээ. Тухайлбал, спорттой холбоотой 11 дууг симфони оркестртой сонгодог хэлбэрээр дуулах нь. Түүнчлэн бүжгийн спортын шилдэг үзүүлбэр, балет гэх мэтээр сонгодог нээлт болох юм байна. Нээлтийг NTV телевиз шууд дамжуулна.
Холбоодын нэгдсэн УАШТ туялзуур сэлмээр эхэллээ
Монголын спортын корпорацаас гурав дахь жилдээ зохион байгуулж буй нэгдсэн УАШТ туялзуур сэлмээр эхэлж байна. 17 хүртэлх насны өсвөрийн УАШТ-ийг хүнд сэлэмний төрлөөр зохиож буй бөгөөд таван клубийн 70 орчим тамирчин оролцож байна. Өнөөдөр эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан болон багийн тэмцээн болж, 10 багц медалийн эзэд тодрох юм. Манай улсад туялзуур сэлэмний спорт хөгжөөд 15 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хооронд Монголын сэлэмчид тив, дэлхийн аварга болон Азийн наадамд чамлахааргүй амжилт гаргасан.
Хамгийн сүүлд гэхэд 2022 онд өсвөр, залуучуудын Азийн аваргаас манай тамирчин хүрэл медаль хүртсэн юм. Түүнчлэн өнгөрсөн онд олимпын эрх олгох тэмцээнээс хүрэл медаль авсан байдаг. Өнөөдрийн байдлаар туялзуур сэлмээр тогтмол хичээллэдэг 500 гаруй хүн байдаг гэсэн тооцоо гарчээ. Тэгвэл эдгээр тамирчин орон нутгийн хоёр болон нийслэлийн дөрвөн клубт хуваагдан бэлтгэл сургуулиа хийж байна. 2024 онд манай сэлэмчид олон улсын 4-5 таван тэмцээнд оролцохоор төлөвлөжээ.
Энэ талаар Монголын туялзуур сэлэмний холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Ганбаатар ярихдаа “Холбооны зүгээс өсвөр, залуучууддаа гол анхаарлаа хандуулж байна. Энэ жил олимпын эрхийн тэмцээн дөрөвдүгээр сард болох хуваарьтай. Үүнээс өмнө гранпри ангиллын хоёр, дэлхийн цомын хоёр тэмцээнд өрсөлдөх төлөвлөгөөтэй. Тамирчид маань бэлтгэлээ базааж байгаад энэ сарын сүүлчээр хилийн дээс алхана Катар, Барселона, Будапешт, Чиндүд өрсөлдсөний дараа АНЭУ-д болох олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөнө. Улмаар зургадугаар сард Азийн аваргад оролцох юм. Бид нэг авахыг зорьж байна. БТСУХ-ноос хоёр тэмцээн, нэг бэлтгэлийн зардлыг дааж байгаа. Ер нь манай сэлэмчид жилд зайлшгүй оролцох шаардлагатай 4-5 тэмцээнд тамирчдаа илгээдэг. Хэдийгээр хуанлид 10 орчим тэмцээн байдаг ч санхүүгийн боломжоос шалтгаалаад тив, дэлхийн аварга, Азийн наадам гэсэн гол тэмцээнүүддээ л оролцож байна. Харин дотоодын тэмцээнүүд хуваарийн дагуу болдог” гэв.
Энэхүү спортоор зургаагаас дээш насны хүүхэд хичээллэхэд тохиромжтой гэж үздэг. Уг спорт нь тухайн тамирчны оюун санаа болон бие бялдрыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой аж. Тэсвэр хатуужил, өөртөө итгэх итгэл, шийдвэр гаргах чадварт суралцдаг болохыг мэргэжилтнүүд онцоллоо. Энэ чанаруудыг суралцсанаар амьдрал, ажил, бусадтай харилцах харилцаандаа бодит өөрчлөлт гардаг болохыг Д.Ганбаатар багш онцолсон юм.
Монголд туялзуур сэлэмний анхны улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2010 онд зохион байгуулсан түүхтэй. Түүнээс хойш 14 жилийн турш УАШТ-ийг тасралтгүй явуулж байгаа бөгөөд жилээс жилд тамирчдын ур чадвар мэдэгдэхүйц дээшилж байгаа юм.
Бүжгийн спортын улсын аваргад 105 хос оролцож
байна
“Степп Арена”-д
эхэллээ. 19 дэх удаагийн бүжгийн УАШТ-д 13 клубийн 105 хос бүжигчид нийт 10
төрөлд медалийн төлөө өрсөлдөж
байна. Орон нутгаас Хэнтий, Орхон, Өмнөговь, Өвөрхангай аймгийн бүжигчид
УАШТ-дээ оролцохоор хүрэлцэн иржээ. Оролцогчдын хамгийн залуу нь 10 настнууд
бол MR академийн тамирчин 67 настай Л.Дорж хамгийн ахмад нь юм.
Тэмцээнийг “Ододтой бүжиглэе” шоуны ерөнхий шүүгч О.Саранхүү, Дэлхийн бүжгийн спортын холбооны шүүгч Бэк Мүн Жон, ОХУ-ын Буриад улсын бүжгийн спортын холбооны дэд ерөнхийлөгч А.Зубенко тэргүүтэй 11 шүүгч дэнслэн явуулж байна. Бүжгийн УАШТ өнөөдөр орой өндөрлөж, медальтнууд тодорно.