ХЭҮТ-ийн тэргүүн Ё.Энхжаргал: Зургаан жилийн дотор 95 хүн хүчирхийллээс болж амиа алдсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬХүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Ё.Энхжаргал Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сан, Монгол Улсын Засгийн газрын хамтран санхүүжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн албан ёсны нээлтийн үеэр дээрх үгийг онцлов.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар төслийг нээж үг хэлж, төслийн баримт бичигт гарын үсэг зурав. Албан болон албан бус мэдээллээс үзэхэд гэр бүлийн хүчирхийллийн тохиолдол эрс өсөх хандлагатай байна. Сүүлийн 6 жилд хүчирхийлэлд өртөж 95 хүн нас барсан гэсэн судалгааг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд бүртгэгджээ. Янз бүрийн төслүүд олон байдаг ч гэр бүлийн хүчирхийлэл багасахгүй байгаа нь үнэн. Гэр бүлийн хүчирхийллийг үр дүнтэй шийдвэрлэх эрх зүйн орчныг сайжруулахад сүүлийн жилүүдэд томоохон ахиц гарсан ч жендэрт суурилсан хүчирхийллийг шийдвэрлэх урт хугацааны бодитой өөрчлөлтүүдийг хийхэд Монгол Улсын Засгийн газарт техник, арга зүй, санхүүгийн дэмжлэг хэрэгтэй аж. Монгол Улсад "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” дээрх төсөл ихээхэн дэмжлэг болно. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг дэлхий дахинаа хэрэгжүүлэх НҮБ-ын шийдвэр гарснаас хойш нэг жил, нэг сарын дараа энэхүү төслийг албан ёсоор эхлүүлж байна. Энэ төсөл, үйл хэргийг 22 жил хүсч мөрөөдсөн гэж ХЭҮТ-ийн захирал Ё. Энхжаргал онцлон хэлэв.
Ж.Батсайхан