Залуучуудын олимп "хөшгөө хаалаа"

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-02 10:00:51

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Канвон хотноо 13 өдрийн турш авьяаслаг залуу тамирчдын ширүүн өрсөлдөөн дунд үргэлжилсэн Канвон 2024” залуучуудын өвлийн IV олимпын наадам "хөшгөө хаалаа".


Дэлхийн 78 орны залуу тамирчид хуран цугласан олимпын тэнгэр дор Монгол Улсаа төлөөлөн биатлоны зургаа, гүйлтийн цанын дөрөв, уулын цанын хоёр тамирчин буюу өмнөх олимпуудтай харьцуулахад хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож, ийнхүү тэмцээн уралдаанаа амжилттай дуусгаж байна. Баяр бахдал, харуусал, амжилт, дурсамжаар дүүрэн, спорт олимпизмоор амьсгалсан завгүй өдрүүд ард үлдэж олимпын хотхон, найз нөхдөдөө удахгүй уулзахын ерөөл тавин, баяр хөөртэйгөөр нутгийн зүг хүлгийн жолоо заллаа. Өвлийн спортын баг тамирчдыг одоо “Харбин-2025 Азийн наадам, Милан-Кортина 2026 олимп хүлээж байна.


Энэ удаагийн олимпоос 33 орны тамирчин ямар нэгэн байдлаар медаль хүртжээ. Олимпод өрсөлдсөн 78 орныг медалийн тоогоор АНУ тэргүүлсэн байна. Тэд таван алт, 11 мөнгө, таван хүрэл, нийт 21 медальтай нутаг буцжээ. Тэгвэл алтан медалийн тоогоор италичууд манлайллаа. Италийн тамирчид 11 алт бүхий 18 медальтай наадмыг дуусгав. Медалийн тоогоор АНУ тэргүүлсэн бол Герман, Франц, Итали, Хятад айргийн тавд жагслаа.


Олимпын наадмыг зохион байгуулагч орон зургадугаар байрт жагссан бол Австри, Япон, Швед, Швейцарь топ аравт багтсан байна. Өвлийн спорт өндөр хөгжсөн орнуудаас Норвеги энэ удаагийн наадмаас нэг ч алтан медаль хүртэж чадаагүй нь дуулианы нэг хэсэг болсон. Харин Тайланд, Тунис, Бразил өвлийн олимпын медальтантай  нутаг буцлаа. 



相关新闻