“Дашчойлин” хийдийн нэрэмжит Сар шинийн барилдаанд аймгийн арслан Э.Мөнхжаргал түрүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан “Дашчойлин” хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. 2006 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй тус барилдаанд аймаг, цэргийн арслан 114, заан 49, харцага 21, начин 66, сумын заан цолтой зургаан бөх зодоглосон юм.
Тэднээс Архангай аймгийн Хотонт сумын харьяат “Хатант интернэйшнл” компани, УСУГ, “Сүлд” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх аймгийн арслан Э.Мөнхжаргал найм даван түрүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Алтан жолоо групп”, Зэвсэгт хүчний 016-р анги, “Алдар” спорт хороо, “Их монголын хүчтэн” дэвжээний бөх аймгийн хурц арслан О.Наранбаатар үзүүрлэлээ.
Аймгийн арслан
Э.Мөнхжаргалын хувьд сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн болон улс,
аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд хоёуланд нь түрүүлсэн гурав дахь бөх болж байна. Түүнээс өмнө улсын аварга Ч.Санжаадамба, харцага Ш.Мөнгөнбаатар нар ийм амжилт үзүүлж байв.
Тэгвэл их шөвөгт Баян-Өлгий аймгийн Алтай сумын харьяат “Ай Ти Эл Экспресс” компани, “Өлгийн Хүчтэн” дэвжээний бөх аймгийн хурц арслан М.Еркебулан, Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат “Таван Хан” дэвжээний аймгийн арслан М.Ганбаяр нар шалгарав.
Дунд шөвөгт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат “Юү Би Ойл” компани, “Саксус” клуб, “Сүлд” спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх аймгийн арслан Т.Сайханжаргал, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат “ЭБЭГ” компани, ОНААУТ, Хилийн цэргийн 0208-р анги, “Хилчин” спорт хороо, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх аймгийн арслан Ш.Отгонтөгс, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, Зэвсэгт хүчний 014-р анги, “Алдар” спорт хороо, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх аймгийн арслан Д.Алтанцоож, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат “Талх чихэр” компани, ОБЕГ-ын “Аврагч” спорт хороо, “Хонгор нутаг” дэвжээний бөх аймгийн заан Ч.Даш нар үлдлээ.