Олон улсын хуралд 300 эрдэмтэн хууль сахиулах саналаа уралдуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ“Хууль сахиулах үйл ажиллагаа: Онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хуралд гадаад, дотоодын 40 гаруй байгууллагын 300 гаруй эрдэмтэн судлаач оролцож байна.
Хууль сахиулахын их сургуульд болж байгаа Олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 29-30-ны өдөр “Хууль сахиулах үйл ажиллагаа: онол, практикийн тулгамдсан асуудал” сэдвээр болж байгаа юм. Олон улсын эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагааг нээж Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор тэргүүн комиссар С.Баатаржав үг хэлэв. УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд төрийн болон төрийн бус байгууллагууд, их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид, гадаадын 30 гаруй эрдэмтэн судлаач, төлөөлөгчид оролцож байгаа нь хурлын цар хүрээг илтгэж байна. Энэхүү хурлаар хууль сахиулах үйл ажиллагааны талаар ойлголт, хууль сахиулах үйл ажиллагаанд хүний эрхийг хангах, хууль сахиулах салбарын боловсрол, тодорхой төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх асуудлыг эрдэмтэн судлаачид хэлэлцэж, дорвитой зөвлөмж боловсруулагдаж гарна гэдэгт итгэж байна. Ирэх 4 жилд Хууль зүйн байнгын хорооны зүгээс эрх зүйн салбарт тулгамдсан асуудал болон УИХ-ын хэлэлцүүлгийн шатанд байгаа хууль тогтоомжийн талаар судалгаа явуулах, батлагдсан хууль тогтоомжийг олон нийтэд сурталчилах үйл ажиллагааны хүрээнд Хууль сахиулахын их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай нягт хамтран ажиллах болно” гэв. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Беларусь, АНУ, Япон, Турк зэрэг 10-аад орны 30 гаруй төлөөлөгчид, хууль зүйн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалт, үйлдвэрлэлийн 40 гаруй байгууллагын 300 гаруй эрдэмтэн судлаачид оролцож байна. Олон улсын эрдэм шинжилгээний хурлаарүндсэн хуралдаанаас гадна “Хууль сахиулах үйл ажиллагаа ба аюулгүй байдал”, “Хууль сахиулах үйл ажиллагаа ба хүний эрх”, “Хууль сахиулах салбарын инноваци ба боловсрол”, “Гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал” сэдэвт 4 салбар хуралдаанаар 30 гаруй илтгэл хэлэлцэнэ. Уг олон улсын эрдэм шинжилгээний хурлаар хууль сахиулах үйл ажиллагааны зөвлөмж гаргах юм байна.
Ж.Батсайхан