ЗАВХАН: Зудын эрсдэлд өртсөн малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-23 17:09:05

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Японы Хүүхдийг Ивээх Сангаас Завхан аймгийн Нөмрөг, Их-Уул, Тосонцэнгэл сумын зудын эрсдэлд өртсөн малчдад  хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.

Дээрх сумдын 210 өрхөд хүчитгэсэн тэжээл, бэлэн мөнгөний тусламжийг үзүүлсэн байна.

Түүнчлэн хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд Завхан аймгийн 24 сумын дотуур байрын багш нар болон онцгой байдлын зарим албан хаагч нарт "Сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх" сургагч багш бэлтгэх сургалтыг явуулжээ.

Энэ сургалтаар ар гэр нь зудад өртсөн дотуур байрын сурагчид төдийгүй сум орон нутагт аливаа гамшиг эрсдэл тулгарсан үед сэтгэл зүйн анхан шатны тусламжийг хэрхэн үзүүлэх талаарх ур чадварыг олгож багш нарыг бэлтгэснээрээ онцлог болжээ.


Ташрамд дуулгахад Японы Хүүхдийг Ивээх Сан нь 2015, 2023 онд Завхан аймгийн зудын эрсдэлд өртсөн малчдад болон дотуур байрын сурагчдад хүмүүнлэгийн тусламжийг мөн үзүүлж байв.

相关新闻