ЗАВХАН: Аминаас үнэтэй хэрэглээ гэж үгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Цагдаагийн газраас “Архигүй
шинэ жил” нөлөөллийн үйл ажиллагааг явуулж байна.
Цагдаагийн ерөнхий газраас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг архигүй шинэ жилээ тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж согтуугаар үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд
архи, согтууруулах ундааны хор уршгийг таниулах. Иргэдийн эрх зүйн боловсролыг
дээшлүүлэх, зөв хэвшил, хандлагад уриалж, шинэ жилийн баярыг тэмдэглэхтэй
холбогдуулан гарч болзошгүй гэнэтийн осол, гэмтэл, осголт зэрэг асуудлуудаас
урьдчилан сэргийлэх зорилготой нөлөөллийн ажлыг Завхан аймгийн Цагдаагийн
газраас энэ сард зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд сүүлийн нэг жилийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас 103 иргэн хөлдөж, осгож нас барсан байна. Аминаас үнэтэй хэрэглээ гэж үгүй. Сүүлийн өдрүүдэд аж ахуйн нэгж байгууллагууд шинэ жилээ тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбоотой ахуйн хүрээнд архидан согтуурах явдал ихсэх хандлагатай байна.
Өнгөрсөн оны 12 дугаар сард аймгийн Цагдаагийн байгууллагад согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 32 дуудлага мэдээлэл бүртгэгдэж байсан бол энэ оны 12 дугаар сарын 22 ны байдлаар 41 бүртгэгдэж 9 нэгжээр буюу 22 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тиймээс шинэ жилийн баярын өдрүүдийг архигүй тэмдэглэн өнгөрүүлэх, ахуйн хүрээнд архидан согтуурахгүй байх. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, болзошгүй осол гэмтэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг иргэдэд зөвлөж байна хэмээн Завхан аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Аминдаваа мэдээлэв.

Ulaanbaatar