Монголын залуу усанд сэлэгчид Азийн аваргаас хос хүрэл медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-27 09:34:15

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Филиппиний Нью-Кларк хотод болж буй усанд сэлэлтийн залуучуудын Азийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээний эхний өдөр Монголын тамирчид хос медаль хүртжээ.


Тодруулбал, 15-17 насны 200 метрийн холимог сэлэлтэд Э.Энхмэнд урьдчилсан гараанд 2:13.03 секундэд барианд орсноор өөрийн гараандаа түрүүлж нийлбэр дүнгээр хоёрдугаарт орсон. Эцсийн шалгаруулалтад манай тамирчин 2:11.24 секундэд замаа дуусгаснаар түүхэн амжилт үзүүлж, хүрэл медалиар энгэрээ мялаажээ.


Тэгвэл 50 метрийн араар даллах сэлэлтийн 15-17 насны ангилалд Э.Эрхэс хүрэл медаль хүртлээ. Урьдчилсан гараанд улсынхаа дээд амжилтыг шинэчилсэн Э.Эрхэс шигшээд улсын дээд амжилтыг дахин шинэчилж 26.43 секундээр шагналт байранд шалгарсан байна.


Ийнхүү усанд сэлэлтийн залуучуудын ААШТ-ээс манай тамирчид хос хүрэл медальтай боллоо. Энэ бол усан спортын түүхэнд байгаагүй том амжилт юм.

相关新闻