Т.Сайфолла, С.Мөнхзул нар ДАШТ-ээс нийлбэр дүнгээр медаль хүртсэн анхны монгол тамирчин боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-11-17 12:14:05

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Румын улсад пауэрлифтингийн хүчний гурван төрөл (шахалт, суулт, таталт)-ийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо.


Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор таван тамирчин оролцоход нийлбэр дүнгээр хоёр тамирчин мөнгөн медаль хүртсэн нь түүхэн амжилт болов. Тодруулбал, эрэгтэйчүүдийн -120 кг-ын жинд Т.Сайфолла суултын төрөлд 440 кг-ыг өргөснөөр алт, таталтын төрөлд 360 кг-ыг татсанаар хүрэл, нийлбэр дүнгээр 1097.5 кг-аар мөнгөн медаль хүртэв.


Харин эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул суултын төрөлд 252.5 кг-ыг өргөснөөр мөнгө, таталтын төрөлд 232.5 кг-ыг татаж мөнгө, нийлбэр дүнгээр 620 кг-аар мөнгөн медалиар энгэрээ мялаажээ. Ингэснээр тэд Монголын пауэрлифтингийн спортын түүхэнд анх удаа нийлбэр дүнгээр  медаль хүртсэн тамирчид болж байна.


Мөн насанд хүрэгчдийн 59 кг-ын жинд Э.Нанзаддорж суултын төрөлд 245 кг-ын өргөж хүрэл, шахалтын төрөлд 170 кг-ыг шахсанаар хүрэл медаль хүртсэн байна.



相关新闻