Өнөөдрөөс музей үнэ төлбөргүй үйлчилнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Төрийн болон орон нутгийн өмчийн 35, орон нутаг судлах 270 музейн 800 орчим ажилтан улс орон даяар зохион байгуулах “Музейн нээлттэй өдрүүд” өнөөдрөөс эхэллээ.
Долоо хоногийн үргэлжлэх энэхүү өдрүүд нь Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогод заасан зорилт арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих, түүх, соёлын дурсгалт зүйл, урлагийн бүтээлээр дамжуулан хүүхэд залуучуудад үндэсний бахархал, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.
Эдгээр өдрүүдэд Дүрслэх урлагийн музейд танка зурагт туссан бүсгүй хүний дүр
бүхий бүтээлийн цуглуулгаар “Бүсгүйгүйчүүдийн дүр Дүрслэх урлаг-4” тусгай
үзэсгэлэн, Чингис хаан Үндэсний музейд О.Доржготовын Монголын 21 хүрээ хийдийн зургийг түүхийн
судалгаанд үндэслэж сэргээн бүтээсэн “Хоосон чанарыг тольдохуй” үзэсгэлэн,
Монголын Үндэсний музейд Монголын нүүдэлчдийн хэрэглэж
ирсэн аяганы цуглуулгын “Нүүдэлчдийн аяга” номын нээлт, эх орончдын өдөрт
зориулсан “Монгол төрийн бэлгэдэл Алтан соёмбо” болон “Уламжлалт Монгол
тоглоом", “Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал” боловсролын хөтөлбөрүүд, Монгол
Цэргийн музейгээс “Төрийн цэргийн хууль сахиулах байгууллагуудын цэргийн алба хаагч эмэгтэйчүүдийг алдаршуулах” гэрэл зургийн үзэсгэлэн тус тус үзэгчдийн хүртээл болгох юм.
Музей нь тухайн улсын өнгөрсөн, одоо цагийн оюуны сан үнэт
зүйлийг цуглуулж, хадгалж хамгаалж, түүн дээрээ тулгуурлан олон нийтэд
үндэсний түүх, соёл онцлогийг илэрхийлсэн мэдлэг мэдээллийг түгээж
байдаг хамгийн тэгш хүртээмжтэй соёл гэгээрлийн байгууллага юм. Энэ утгаараа
нийгмийн хөгжлийг дэмжих, оюунлаг иргэнийг төлөвшүүлэхэд өөрийн хувь нэмрээ
оруулан 2018 оноос эхлэн “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг улс орон даяар зохион байгуулж, үзэгчдэд нээлттэй, үнэ
төлбөргүй үйлчилж ирсэн юм. Энэ
хүрээнд музейд зочлох үзэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгааг албаныхан онцолж буй юм.