Улсын аварга О.Хангай 32, заан Б.Бат-Өлзий 26 дахь түрүүгээ авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-04 10:52:56

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол бөхийн өргөөнд өнгөрсөн гурван өдөрт дараалан улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан боллоо.


Эхнийх нь Монголын үндэсний бөхийн холбоноос зохион байгуулсан “Малчин түмэндээ тусалъя” хандивын барилдаан юм. Тус барилдаанд улсын аварга О.Хангай, арслан Р.Пүрэвдагва тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосон. Улмаар Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсын 25 дахь аварга О.Хангай түрүүлж, улсын заан Б.Бат-Өлзий үзүүрлэсэн билээ. Аваргын хувьд бөхийн өргөөнд 32 дахь түрүүгээ авсан нь энэ. Тэрбээр 2024 он гарснаас хойш зургаан барилдаанд оролцохдоо тав түрүүлж, нэг үзүүрлэв. Таван түрүүний дөрөв нь бөхийн өргөөд болсон барилдааных юм. Түүний хувьд 40 дараалан даваад байна.


Тэгвэл Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын заан Б.Бат-Өлзий маргааш нь буюу энэ сарын 2-ны бямба гарагт болсон Төв аймгийн Баян сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд түрүүлэв. Энэ нь түүний 26 дахь түрүү болж байгаа юм. Тэрбээр тус барилдааны өмнөх өдөр нутгийн аваргатай О.Хангайтай түрүү, үзүүр булаалдахдаа үзүүрлэжээ.


Харин өчигдөр болсон улсын начин Д.Багахүүгийн нэрэмжит барилдаанд Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат улсын харцага Г.Бадрах түрүүлж, улсын начин Б.Түвшинтөгс үзүүрлэв.


Өнгөрсөн гурван өдөр зохион байгуулсан барилдаанд зодоглосон өөр нэг онцлох бөх нь улсын арслан Р.Пүрэвдагва юм. Тэрбээр гурван өдрийн дараалсан барилдаанаас 14 даваа авчээ. Өдгөө 39 настай түүний хувьд эхний барилдаанд гурав давсан. Харин Төв аймгийн Баян сумын 100 жилийн ойн барилдаанд үзүүрлэсэн бол өчигдөр их шөвөгт шалгарлаа. 





相关新闻