“Бүсгүй төрх-100” уран зургийн үзэсгэлэн үргэлжилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол арт галерей өөрийн сан хөмрөгөөс дээжлэн “Бүсгүй төрх-100” үзэсгэлэнгээ толилуулж байна.
Үзэсгэлэнд эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, өвөрмөц дүр төрх, намбалаг сайхан хөдөлгөөн, ажилсаг хичээнгүй зан чанарыг бахдан харуулсан зургууд дэлгэсэн нь урлан бүтээх олон чиг хандлага /реализм, сюрреализм, гиперреализм, экспрессионизм, кубизм гэх мэт/, арга ажиллагаа /тосон будаг, усан будаг, тосон харандаа/, хувь зураачийн өвөрмөц хэв шинжийг хамарснаараа онцлог юм.
Үзэсгэлэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын зураач, Төрийн болон МУЭ-ийн шагналт, Урлаг судлалын ухааны доктор Н.Цүлтэм, Төрийн соёрхолт, Ардын зураач Д.Амгалан, Л.Гаваа, До.Болд, Ш.Чимэддорж, МУУГЗ С.Дондог, Я.Оюунчимэг, Н.Адьяабазар, МУСГЗ Ц.Энхжаргал, Төрийн шагналт С.Саранцацралт, МУЭ-ийн шагналт Г.Сосай, Ё.Өлзийхутаг, Р.Дүйнхоржав С.Төгс-Оюун, М.Лхагвадорж, З.Уянга, Ц.Болд, Д.Булгантуяа болон Б.Отгонтүвдэн, Ж.Ойлан, Н.Амарсайхан, О.Золбоотөгөлдөр нарын авьяас билгээрээ олон түмний талархлыг хүлээсэн уран бүтээлчдийн дахин давтагдашгүй, ховор нандин зургуудыг дэлгэж, жинхэнэ эх хувилбараар нь үзэх боломжийг олгожээ. Мөн гадаадын зураачдын бүтээлүүд болон европ эмэгтэйчүүдийн дүр төрхийг харуулсан зургуудыг ч үзэх боломжтой.
Үзэсгэлэн Монгол арт галерейн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 17-ныг хүртэл үргэлжилнэ.