Сүхбаатар аймагт 1.1 сая толгой мал хорогджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-11 12:20:08

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комисс өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.


Хурлын эхэнд УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгийн өгсөн мэдээллээс үзэхэд, Сүхбаатар аймагт олон мал хорогджээ. Мөн Хэнтий, Дорноговь, Төв, Архангай, Дундговь аймагт малын хорогдол их байгаа аж. Гуравдугаар сарын 7-ны байдлаар улсын хэмжээнд нийт 3.9 сая толгой мал хорогдсон байна. Үүнээс Сүхбаатар аймагт хамгийн олон буюу 1.1 сая гаруй мал хорогджээ. Харин Хэнтий аймагт 540 мянга, Дорноговь аймагт 383.1 мянга, Төв аймагт 273 мянга, Архангай аймагт 249.4 мянга, Дундговь аймагт 169.6 мянган толгой мал хорогдсоныг албаныхан хэллээ. Гэхдээ малын хорогдлын тоог сүүлийн дөрөв хоногийн хугацаанд шинэчлээгүй байгаа ажээ.


Өнөөдрийн байдлаар, УОК-т 45 иргэн, 26 аж ахуй нэгж, 61 төрийн байгууллага, 26 төрийн бус байгууллага, нэг гадаадын иргэнээс 3.1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, нэг иргэн, есөн аж ахуй нэгж, долоон төрийн бус байгууллагаас 700 мянга гаруй төгрөгийн бараа материал иржээ. Мөн аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас нийт 63588 малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Эдгээрийн 2071 нь жирэмсэн эмэгтэй, 0-5 насны хүүхэд 7707, өндөр настай 13133 иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 4594, архаг хууч өвчтэй 11 мянга гаруй иргэн байжээ. Мөн отроор нүүдэллэж буй 4773 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.



Түүнчлэн 21 аймгийн хэмжээнд Засаг даргын нөөц хөрөнгө, Гамшгаас хамгаалах сан, Гамшгийн эрсдэлийг бууруулах сангийн хөрөнгө оруулалтаар малчин айл өрхүүдэд, өвс тэжээл хүргэх, шатахуун, цасанд дарагдсан замыг цэвэрлэх зэрэг ажиллагаанд 17 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг зарцуулжээ.


Улсын Онцгой комиссоос  өнгөрсөн оны 12 дугаар сараас хойш 14000 тонн тэжээл, 850 тонн өвс өгөхөд 14 орчим тэрбум төгрөгийн зардлыг гаргасан байна. Мөн Эрүүл мэндийн байгууллагуудад 60, сумдад туулах чадвар сайтай 100 машин авч өгөхөд Засгийн газраас 15 тэрбум төгрөгийн хөрөнгө шийдвэрлэснийг өнөөдөр болсон УОК-ын хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.


Тэгвэл ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал ойрын өдрүүдийн цаг агаарын талаар ярихдаа, “Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад ихэнх нутгаар цасан бүрхүүл ханзарч эхэлсэн. Мөн цасан бүрхүүлийн зузаан 3-9 см доошилсон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарсан ч зарим нутагт бага зэргийн цас орсон. Тодруулбал, Өвөрхангайн Уянгад нэг мм, Арвайхээрт 1.2 мм цас орсон. Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаарна. 14, 15-ныг хүртэл нийт нутгаар дулаан байна. Харин 14-нөөс баруун аймгуудын нутгаар цас орж, 16-наас төв, говь болон ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ. Зам даваанд халтиргаа гулгаа ихсэхийг анхааруулъя” гэв. 

相关新闻