Түгжрэлийг бууруулах туршилтын зохицуулалтаар 18:40 цагт замын ачаалал багасжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Тээврийн
цагдаагийн албанаас Улаанбаатар хотын авто замд өчигдөр оройноос эхлэн
түгжрэлийг бууруулах зорилгоор хийсэн шинэ зохицуулалтын талаар мэдээлэл
хийлээ.
Тэд ярихдаа, "2024 оны гуравдугаар сарын 12-нд 17:50-19:20 цаг хүртэлх хугацаанд Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын уулзвараас хойд чиглэлд Төв шуудангийн уулзвар хүртэлх эсрэг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ замыг, Хан-Уул дүүргийн “И-Март” худалдааны төвийн уулзвараас мөн хойд чиглэлд “Шангрила”-гийн уулзвар хүртэлх замын зорчих хэсэгт өнөөдөр өглөөний 07:00-10:00 цаг хүртэл зохицуулалт хийсэн.
17:50 цагаас Чингисийн өргөн чөлөө рүү гурван эгнээтэй болгоод хойноос нь урагш нь явуулахад 18:40 цагийн үед ачаалал багассан. Ажлын зураг авалт хийж байгаа учраас хөдөлгөөн зохицуулалтыг 30 минут сунгаж үзсэн. Энэ үед уулын зам, хойноосоо урагшаа орж ирж байгаа Зайсангийн замын орчим хөдөлгөөний ачаалал эрс өссөн тул хэвийн горимд шилжүүлэхийг 19:30-20:45 цагт хэрэгжүүллээ.
Өнөөдөр өглөө 07:00-07:30 цаг хүртэл Чингисийн өргөн чөлөө Олимпын гудамж дээр хөдөлгөөн зохицуулахад 08:26 цагт төв рүү орж ирдэг Чингисийн өргөн чөлөө, Олимпын гудамжинд замын ачаалал байхгүй, хөдөлгөөн сийрэг болсон” гэв.
Тус байгууллага
эрх үүргийнхээ хүрээнд уг зохицуулалтыг хийснээ хэлээд уг туршилт маргааш
дуусахыг дурдлаа.