Төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа, халдашгүй чөлөөтэй байх эрхийн хангалт сайжирчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-14 13:08:53

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 21, 22 дахь илтгэлийн мөрөөр баталсан УИХ-ын 49, 35 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийлээ.


Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц 2022 онд өргөн барьсан 21 дэх илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан 49 дүгээр тогтоолын хэрэгжилт, үр дүн, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай асуудлын талаар мэдээлэл өглөө. 49 дүгээр тогтоолыг УИХ-ын 2022 оны долдугаар сарын 6-ны өдөр баталсан.


Тэрбээр “49 дүгээр тогтоолын хэрэгжилтийг аваад үзэхэд хэрэгжих шатандаа 11 заалт, хэрэгжээгүй хоёр, хэрэгжилт хангалтгүй хоёр заалт байна. Хэрэгжилт үр дүн нь сайн байгаа ажил нь унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлд ХНХЯ болон Сангийн сайд нарын хамтарсан тушаал, Эрүүгийн хууль, Хүүхэд хамгааллын тухай хуульд энэ асуудлыг хуульчилсан. Цэргийн алба хаагчдын эрхийг хамгаалах чиглэлд эрх зүйн зохицуулалтыг шинэчлэн баталсан. Ерөнхийлөгчийн зарлиг гарч, эрх зүйн зохицуулалтыг сайжруулсан” гэв.


Харин Судалгаа дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир 2023 онд өргөн барьсан 22 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан УИХ-ын 2023 оны тавдугаар сарын 4-ны өдрийн 35 дугаар тогтоолын хэрэгжилт, үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай асуудал сэдвийн хүрээнд мэдээлэл өгөхдөө “35 дугаар тогтоолын хэрэгжилтийг авч үзвэл зургаан заалт бүрэн хэрэгжсэн, хэрэгжих шатандаа буюу үр дүнд хүрсэн нэг заалт, хэрэгжилт хангалтгүй долоон заалт, огт хэрэгжүүлээгүй нэг заалт байна гэж дүгнэсэн. Бүрэн хэрэгжсэн заалтыг авч үзвэл, төрийн албан хаагчдын нийгмийн баталгаа болон халдашгүй чөлөөтэй байх эрхийн хангалт сайжирсан байна” хэмээн ярилаа. 



相关新闻