Японы соёлын өдрүүд наймдугаар сард болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-03-14 13:52:15

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.


Игавахара Масарү өнгөрсөн оны 12 дугаар сард Элчин сайдаар томилогдсон бөгөөд уулзалтын үеэр хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.


Монгол Улс, Японтой 1972 онд дипломат харилцаа тогтоосон. Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотод Нарны гүүр, Япон-Монголын эмнэлэг, Хөшигийн хөндий дэх шинэ нисэх онгоцны буудал зэрэг томоохон бүтээн байгуулалтыг хийснээс гадна Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүлсэнд нийслэлийнхэн талархалтай байдгийг хотын дарга онцлов.


Японы талаас жил бүр соёлын өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ оны наймдугаар сарын 17, 18-нд Улаанбаатар хотноо “Японы соёлын өдрүүд” хийхээр төлөвлөснөө Элчин сайд Игавахара Масарү хэлжээ. Түүнчлэн Японы Ишикава мужийн Ното бүс нутагт энэ оны эхэнд тохиолдсон байгалийн гамшигт үзэгдэл газар хөдлөлтийн улмаас хохирсон иргэдэд хүмүүнлэгийн буцалтгүй тусламж үзүүлсэн нийслэлчүүдэд талархал илэрхийлсэн байна. 



相关新闻