Эрчим хүчийг үр ашигтай үйлдвэрлэх технологи нэвтрүүлэх боломжтой гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-18 10:45:51

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. БХБ-ын сайд Ц.Даваасүрэн Швед Улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд ногоон, эрчим хүчний хэмнэлттэй барилга, хэсэгчилсэн халаалтын технологийн чиглэлээр Шведийн мэргэшсэн компаниудын төлөөлөлтэй Стокхолм хотноо энэ сарын 12-нд дугуй ширээний уулзалт хийв.


Уулзалтад Бизнес Швед байгууллага, Шведийн эрчим хүчний агентлаг, SwedFund болон Монгол Улстай цаг агаар, уур амьсгалын ойролцоо нөхцөлд хэсэгчилсэн халаалт, ногоон, ухаалаг, эрчим хүчний хэмнэлттэй барилгын чиглэлээр мэргэшсэн Sweco, Siemens Energy, AlfaLaval, Carbo seal, VI Flow Group, Arne Jensen компанийн удирдах болон ахлах албан тушаалтнууд оролцлоо.


Тухайлбал, Шведийн дулааны хоолойн засвар үйлчилгээг газар ухахгүй гүйцэтгэх нягтаршуулсан полимерэн өнгөлгөөний дэвшилтэт технологи, түлш ашиглан цахилгаан, дулааны эрчим хүчнийг үр ашигтай үйлдвэрлэх технологи зэргийг Монголд нэвтрүүлэх боломжтойг талууд тэмдэглэснийг Гадаад харилцааны яам мэдээлэв.


Бараа, үйлчилгээ төдийгүй Шведийн туршлага, дэвшилтэт технологи, судалгааны төсөл, зөвлөх үйлчилгээ зэрэг чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа компаниудын төлөөлөл илэрхийллээ.


БХБ-ын сайд Ц.Даваасүрэн Монгол Улсын барилгын салбарын нөхцөл байдал, сорилт, бэрхшээл, Засгийн газраас баримталж буй бодлогын талаар оролцогч компаниудад товч мэдээлж, цаг уурын ойролцоо нөхцөлтэй Швед Улсын ногоон, ухаалаг, эрчим хүчний хэмнэлттэй барилгын технологи, зөвлөх үйлчилгээ, судалгааны чиглэлээр хамтран ажиллахыг урьжээ. 

相关新闻