Гавьяат тамирчин Э.Цэндбаатар уучлалт гуйж, олимпын эрхийн тэмцээнд оролцох хүсэлт гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боксын рингэнд ес дараалан ялалт байгуулсан Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Монголын боксын холбооны ерөнхийлөгч В.Ганзоригт хүсэлт гаргажээ.
Хүсэлтэд Э.Цэндбаатар өнгөрсөн хугацаанд удаа дараа сахилгын шийтгэл хүлээж боксын холбооны итгэлийг алдсан бүх үйлдэлдээ харамсаж, уучлалт гуйсан байна. Тиймээс энэ удаа дахин уужуу сэтгэлээр хандахыг хүсжээ.
Тэрбээр “Сүүлийн жилүүдэд зөвхөн боксын рингэнд тулалдаж эх орныхоо нэрийг өндөрт өргөх хүсэлтэй байв. Одоо харин олимпын эрхийн тэмцээний 63.5 кг жинд сорил хийх хүсэлтийг минь зөвшөөрч өгнө үү” гэжээ.
Түүний хувьд Парисын олимпод Монголынхоо
нэрийг гаргаж, медалийн тавцанд зогсохыг хүсэж байгаагаа ийнхүү илэрхийлсэн байна. Түүний
хүсэлтийг Монголын боксын холбооны Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шийдвэрээ
гаргах юм.