Нийслэлийн хаврын их цэвэрлэгээг энэ сард зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явууллаа.
Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 45 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 78.3 хувьтай байжээ. Тухайлбал, дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх өнгө үзэмжгүй хаяг, реклам болон хашаа, хайс, эвдэрч гэмтсэн шон, самбаруудыг буулгах, стандарт, норм, дүрмийг мөрдүүлэх, хяналт тавих, зөрчлийг арилгуулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн.
Үүний дагуу холбогдох албаныхан дүүргүүдэд шалгалт хийхэд цахилгааны утас ил гарсан 34, гэрлийн шон, тэмдэг тэмдэглэгээ хазайж, доголдол гарсан 25, явган хүний замд эвдрэл гарсан 77, авто замын хашлагад эвдрэл гарсан 56, хог хаягдал ихтэй 64, хашаа хайс унаж, эвдрэл гарсан 31 зөрчил илэрчээ.
Тэгвэл сүүлийн
үед нийслэлийнхэн Хотын даргаас их цэвэрлэгээ хийж, хотоо зад угаахыг шаардах
болсон. Энэ дагуу нийслэлийн хаврын цэвэрлэгээг энэ сард хийх аж. Энэ хүрээнд
нийслэл дэх төрийн болон төрийн бус
байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмынхоо 50 метр талбайг цэвэрлэх, эвдэрч гэмтсэн хайс хашаа, хаяг реклам самбарыг засварлах,
гадна фасадаа угаах зэрэг ажлыг зохион байгуулах үүрэг өгчээ.